ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг өнөөдөр Ухань хотын Вирус судлалын хүрээлэнд ажиллаж, коронавирусний эх үүсвэрийг судлах ажлаа үргэлжлүүлнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын Засгийн газар тус хүрээлэнгээс коронавирус алдагдсан байх магадлалтай хэмээн таамаглаж байсан юм.
Францын AFP агентлагийн мэдээлснээр, ДЭМБ-ын мэргэжилтнүүд өнөө өглөө тус хүрээлэнд очсон байна. Багийн гишүүн Англи улсын иргэн Петер Дасзак хэлэхдээ, “бид өнөөдөр бүрэн хэмжээний мэдээлэл авахыг зорьж байгаа бөгөөд өөрсдийн мэдэхийг хүссэн бүхий л зүйлийг асуух болно” гэжээ.
ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн хувьд хамгийн ихээр анхаарал хандуулж байгаа газар нь тус хүрээлэн юм.
Петер Дасзак өөрийн твиттер хуудсанд мэдээлэхдээ, ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн баг өнөөдөр Ухань хотод байдаг Хятадын Үндэсний Био аюулгүй байдлын лабораторид ажиллаж, мэргэжилтнүүдтэй нь уулзана гэжээ.
ДЭМБ-ын мэргэжилтнүүд өнгөрсөн сарын 14-нд Ухань хотод ирж, 14 хоног тусгаарлагдсан юм. Тэд 14 хоногийн хугацаанд ажиглалт, шинжилгээ, судалгааны ажил хийх хөтөлбөртэй ажиллаж байна.
Мэргэжилнүүдийн баг 1 дүгээр сарын 30-ны өдөр Ухань хотын Жин Интан эмнэлэг, 31-ний өдөр Хунань далайн амьтны бөөний зах, 2 дугаар сарын 1-нд Хубэй мужийн Өвчнийг хянах төв, 2-нд Ухань хотод байдаг Хубэй мужийн Амьтны өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвд тус тус ажилласан байна.