Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар явуулна

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр мэдээлэх үеэр чуулганаар баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгатай нийцүүлж, Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацаа, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалт, сонгуулийн ажилтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгосон байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байх нийтлэг шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан.

Мөн нэр дэвшигч нь Авлигатай тэмцэх газарт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах бөгөөд уг мэдүүлгийг сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс эхлэн тус газар нь өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулах зохицуулалтыг хуульчилсан. Энэ нь сонгогч тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын талаарх мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой зохицуулалт болсон.

Хуулийн хамгийн чухал зохицуулалтын нэг нь сонгуулийн санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар хийх бөгөөд гараар тоолох хяналтын тооллогын үеэр хэвлэл мэдээллийг байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулах юм. Түүнчлэн нэг хүн сонгуулийн өөр хэсгүүдэд санал өгдөг гэх хардлагыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр зохицуулсан талаар танилцуулав.

"Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна" гэсэн хэсэгт Ерөнхийлөгч 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсан. УИХ-аас 2020 оны наймдугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.” гэж; Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” гэж тус тус өөрчилсөнтэй уялдуулан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулжээ.

Мөн “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай”, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төсөл батлуулсан байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх, сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэн батлуулжээ. Үүнээс гадна Ерөнхий сайдыг огцруулах, томилох тухай, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанааар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн байна.

Ташрамд дурдахад, Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, давхардсан тоогоор 49 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн. Нийт 13 хуулийн төсөл, УИХ-ын 21 тогтоолын төсөл хэлэлцэж нэгдсэн хуралдаанаар батлуулав. Хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэхийн санал, дүгнэлт гурав, анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт ес, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга тав, бусад асуудлаарх санал, дүгнэлт ес, зарчмын зөрүүтэй 189 саналын томьёолол бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлжээ.  Хууль тогтоомжийн төсөл, бусад асуудлыг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих есөн ажлын баг байгуулж, 40 удаа хуралдсан байна. Ажлын багийн есөн танилцуулгыг Байнгын хороогоор хэлэлцсэн. Байнгын хорооны гурван тогтоол хэлэлцэж баталсан байна.

Сэтгэгдэл бичих