Нийслэлийн “Өргөө” амаржих газарт тогтоосон хөл хорио дуусаж, ариутгал халдваргүйтгэл хийн маргаашаас хэвийн ажиллах боломжтой болжээ. Тус эмнэлгийн нөхцөл байдлын талаар "Өргөө" амаржих газрын Эх барих тасгийн эрхлэгч С.Алтантуяагаас тодрууллаа.
-”Өргөө” амаржих газарт COVID-19-ийн халдварын тохиолдол батлагдсанаас хойш 14 хоносон байна. Өнгөрсөн хугацаанд эмч нар ямар нөхцөл байдалд ажиллаж байв?
-Манай амаржих газарт 2021 оны нэгдүгээр 14-ний өдөр PCR шинжилгээний хариу сөрөг шинжилгээтэй жирэмсэн эмэгтэй ирж, жирэмсний тасагт хэвтэн 19-нийх нь өдөр хэвийн төрөлтөөр эсэн мэнд амаржсан. Гэтэл 19-нийхөө өдөр тухайн эмэгтэйн гэр бүлийн хүний шинжилгээгээр COVID-19 батлагдсан учир хэсэгчлэн хөл хорио тогтоож, эх нярайг тусгаарлан шинжилгээ авахад хариу эерэг гарсан. Улмаар зохих байгууллагуудад мэдэгдэж, гарсан шийдвэрийн дагуу нь эх, нярайг ХӨСҮТ-д шилжүүлснийг та бүхэн мэдэж байгаа.
Халдвар илрэх үед “Өргөө” амаржих газарт төрсөн 100 орчим эх нярайн хамт, 90 жирэмсэн эмэгтэй, 160 эмч, эмнэлгийн ажилчид тусгаарлагдсан юм.
“Өргөө” амаржих газрын удирдлага, халдвараас сэргийлэх хяналтын алба халдвар цаашид тархах аюулаас сэргийлэн гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу шуурхай хариу арга хэмжээ авч ажилласан.
Халдвар батлагдсан ээжтэй ойрын хавьтал болсон 46 эмч, эмнэлгийн ажилчдыг буудалд шилжүүлж, тусгаарласан бол бусад хүнд хэсэгчлэн хөл хорио тогтоож, халдвараас сэргийлэх, ариутгал хийх, эх барихын тусламжийг дотор байгаа үйлчлүүлэгчдэд тасралтгүй үзүүлж, 14 хоногийн хугацаанд тусгаарлагдан хяналтад байлаа.
-Дахин нэг ээжээс халдвар гарсан гэсэн мэдээлэл байгаа. Харьяаллын бус, халдвартай эмэгтэйг “Өргөө” амаржих газар танил талаараа авчран төрүүлсэн гэсэн маргаан мөн гараад буй. Энэ тухай тайлбар өгөхгүй юу?
-Хоёр дахь тохиодлын тухайд урьд нь Монгол Улсын иргэн байсан буюу хэдэн жилийн өмнө иргэний харьяаллаа өөрчлүүлсэн эмэгтэй байсан. Тухайн иргэн маань өөрийн хүсэлтээр “Өргөө” амаржих газарт төрөх хүсэлт гаргасных нь дагуу, халдвар гарахаас өмнө зөвшөөрөл өгсөн байсан.
Ингээд 2021 оны нэгдүгээр сарын 11, 21, 25-ны өдрүүдэд PCR шинжилгээ өгөхөд тус тус сөрөг гарсан. 29-ний өдөр дахин шинжилгээ өгөөд хариугаа хүлээх хооронд буюу нэгдүгээр сарын 30-ны өглөө төрөх явц эхэлж, Хүлээн авах хэсэгт ирсэн тул түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг хариу гарсан тул бид хүлээж авсан. Гэтэл төрөлтийн үйл ажиллагааны идэвхтэй үед PCR шинжилгээний хариу эерэг гарсан мэдээлэл ирсэн. Нэгэнт төрөлт идэвхжсэн байсан тул өөр эмнэлэгт шилжүүлэх нь эх хүүхдийн амь насанд эрсдэлтэй тул зохих байгууллагуудад мэдээлж, зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, “том ураг, ураг бүтэхийг завдсан” гэсэн заалтаар кесар мэс заслаар төрүүлсэн. Эх хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн хяналтад байна.
-”Өргөө” амаржих газар хэзээнээс хэвийн ажиллаж эхлэх вэ?
-Оновчтой удирдлага зохион байгуулалт, эмнэлгийн халдвар хяналтын дэглэмийг сайн мөрдсөний үр дүнд бид дээр дурдсан эмнэлэгт зөөвөрлөгдөн ирсэн хоёр тохиолдлын халдварыг цааш тархаалгүй зогсоосон. Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж чадвал эмнэлэг, бусад орчинд халдвар тархаахгүй байх боломжтой гэдгийг эндээс харж болох байх.
Тиймээс “Өргөө” амаржих газар маргааш буюу хоёрдугаар сарын 3-ны өдрөөс хэвийн ажиллахад бэлэн болоод байна. Эхний ээлжинд Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эх, эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ.