Э.Блинкен: ОХУ-д болсон жагсаалд АНУ ямар ч холбоогүй

оруулсан Алсын Хараа

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг баривчилсны дараа болсон жагсаал цуглаанд АНУ ямар ч холбоогүй гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гарагт “NBC” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

"Оросын Засгийн газар эдгээр эсэргүүцлийн ажиллагааг бидэнтэй холбоотой гэж үзэж байгаа бол том эндүүрч байна. Энэ бол тэдэнтэй, Засгийн газартай нь холбоотой асуудал юм. Энэ нь Оросын ард түмэн авлига, хэмжээгүй эрх мэдэлд урам хугарч байгааг харуулж байгаа юм. Тэд гадагш биш харин дотогшоо харах хэрэгтэй гэж би бодож байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Блинкен мөн Алексей Навальныйтай холбоотой нөхцөл байдалд авах хариу арга хэмжээг Москватай харилцах бусад асуудлын хүрээнд авч үзэж байгааг мэдэгджээ.

Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яам улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцлоо гэж АНУ-ыг буруушаасан бөгөөд эсэргүүцлийн жагсаалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг нь ОХУ-ыг тогтоон барих стратегийнх нь нэг хэсэг гэж мэдэгдсэн юм.

Зөвшөөрөлгүй зохион байгуулсан жагсаал нэгдүгээр сарын 23, 31-нд Москва болон ОХУ-ын бусад хэд хэдэн томоохон хотод болсон билээ. Тус улсын прокурор, цагдаагийн байгууллагаас эсэргүүцлийн ажиллагаанд оролцвол хариуцлага хүлээнэ гэдгийг иргэддээ удаа дараа анхааруулсан боловч жагсаалд олон хүн оролцжээ.

Дээрх жагсаалуудын талаар Блинкен өөрийн твиттер хуудсандаа тайлбар хийхдээ, Оросын эрх баригчид тайван жагсаалд оролцогчид, сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэснийг АНУ буруушааж байна гэж мэдэгджээ. Тэрбээр мөн "Алексей Навальный зэрэг эрхээ хамгаалсныхаа төлөө саатуулагдсан хүмүүсийг" суллахыг уриалсан байна.

Сэтгэгдэл бичих