Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадмыг уламжлал ёсоор зохион байгуулна.
Цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршдог тус наадмыг 1989 оноос тасралтгүй зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн наадам хоёр шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шатанд өрсөлдөх бүтээлүүдийг 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан цахим хаягаар хүлээн авна.
Хоёрдугаар шатанд шүүгчийн бүрэлдэхүүний онооны дагуу шалгарсан 25 найрагчийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан шүлгийг нь сонсож шилдгүүдээ тодруулах юм байна.
Эх орон, цэрэг дайчдыг яруу тансаг үгээр магтан дуулдаг энэхүү наадмыг уламжлал ёсоор БХЯ, ЗХЖШ, ЦДБЭЧ, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулна.