Өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбарын тодорхой бус байдлыг шалгана

оруулсан Алсын Хараа

Хөрөнгө оруулалтын буюу өмч хувьчлалын эрхийн бичиг нэрээр анх гарч байсан цэнхэр, ягаан тасалбарын мэдээлэл болон санхүүгийн зарцуулалт өнөөдөр тодорхой бус байсаар байна.

Тодруулбал, 1991-1994 оны хооронд цэнхэр, ягаан тасалбараа авсан 250 мянга орчим иргэн байгаа аж. Тиймээс үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хяналт шалгалтыг хийхээр төлөвлөж байна. Өнөөдөр энэхүү эрхийн бичгээр хэн хаана, ямар компанийн хувьцаа авч хөрөнгө оруулсан болон хүүг нь хэн авч буй талаар хяналт, шалгалтыг хийх юм байна.

Хяналт шалгалтыг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс эхлэх бөгөөд хичнээн хүний хувьцаа ямар ААН, компаниуд дээр байрлаж, ногдол ашиг нь хэр хуримтлагдсан, үүнийгээ тухайн иргэн авч байгаа эсэх, энэхүү хувьцааны хүүг хэн авч, захиран зарцуулж байгаа зэргийг гаргаж ирэх зорилготой.

Тодорхой бус байдлаар цэнхэр, ягаан тасалбартай холбоотой 10 гаруй тэрбум төгрөгийн хэмжээний мөнгө энд хөндөгдөхөөр байна. Тодруулбал, цэнхэр, ягаан тасалбартай холбоотой 30 жил хуримтлагдсан хувьцааг тойрсон бүх асуудлыг судлан, шалгана хэмээн Шударга өрсөлдөөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Ташрамд дурдахад, Монголын хөрөнгийн биржээс 2018 онд цэнхэр, ягаан тасалбарын талаар олон нийтэд мэдээлж байсны дагуу 3 өдрийн дотор 6400 гаруй хүн үнэт цаасны дансаа шалгуулж байжээ. Улмаар иргэд 1 тэрбум орчим төгрөгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргуулан авсан байна.

Сэтгэгдэл бичих