Сар шинийн барилдаанд оролцох бөхчүүдийг тусгаарлана

оруулсан Алсын Хараа

Сар шинийн барилдааныг 2 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Жил бүрийн уламжлалт сар шинийн барилдаан өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас цуцлагдаж, энэ жил явагдах эсэх нь тодорхойгүй байсан юм. Харин МҮБХ-ноос сар шинийн уламжлалт барилдаанаа цар тахлын үеийн хатуу чанд дэглэмийг баримтлан зохион байгуулж бөх сонирхогч түмэн олноо цэнгүүлэхээр болсон гэдгээ ийнхүү мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд “Сар шинийн уламжлалт барилдааныг МҮБХ-ны 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Цар тахлын улмаас, Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй болох бөгөөд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөх аж. Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ-ноос энэ сарын 3-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө” гэжээ.

Хавсралтад зааснаар барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17.00 цагаас эхлэн тусгаарлагдах юм. Мөн бөхчүүд болон бусад албаны хүмүүс хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахаар заасан байна.

Сэтгэгдэл бичих