Засгийн газрын гишүүд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс захирамжаа гардсаныхаа дараа УИХ-д тангараг өргөлөө.
УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилж чөлөөлөхийг хуульчилсан. Энэ дагуу Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлсэн бөгөөд Засгийн газрын гишүүд Үндсэн хуульд зааснаар УИХ-д тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж буй юм.
Сайд нар, “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв.