Мөнгөний бодлогын хорооноос энэ оны нэгдүгээр улиралд жижиг дунд бизнес болон уул уурхайн бус экспортын салбарт 250 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, жижиг дунд бизнес эрхлэгчдэд 300 хүртэл сая, уул уурхайн бус салбарын хүрээнд нийт зээлдэгчид 1 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай олгоно. Монголбанкнаас зээлийг 6 хувиар гаргаж байгаа ч эцсийн зээлдэгчдэд очих хүү нь 10,5 хувь байхаар нийлүүлэх аж.
“Энэ нь зах зээлийн хүүнээс харьцангуй хямд. Шинэ зээлийг дэмжихээс гадна одоогоор хүнд байдалд байгаа зээлийг дахин санхүүжүүлэх зорилготой”-г Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.
Монголбанкнаас арилжааны банкуудад өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Үүний зарцуулалтыг энэ сарын 25-нд нэгтгэхэд зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход 192 тэрбум төгрөгийн хэлцэл хийж байгаа бол гэрээгээ хийчихсэн 82,9 тэрбум төгрөгийн зээл байна.
“Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн 12 дугаар сарын хурлаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулсан нь эдийн засгийн сэргэлтийн хугацааг 2-3 улирлаар наашлуулах нөлөөтэй. Ингэснээр ДНБ-ий зөрүү эерэг төлөвд очихоос гадна төв банкнаас арилжааны банкуудад олгож байгаа санхүүжилтийн хүү 8 хувь байсан нь 6 хувь болсон” гэдгийг тэрбээр дурдлаа.