Б.Болд: Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын үед уулзаж харилцаагаа бататгах хүсэлтэй байна

оруулсан Алсын Хараа

"Рио Тинто"-ийн Зэсийн группийн Ерөнхий захирлаар Б.Болд өнөөдөр томилогдсон билээ. Зэсийн групп нь Хойд Америк, Өмнөд Америкийн улсууд, Австрали, Монгол Улсад уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй "Рио Тинто"-ийн  төслүүдийг хэрэгжүүлдэг.

Энэхүү группийг удирдахаар болж буй Б.Болд өөрийн хүлээн авч буй шинэ албан үүргийнхээ талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Рио Тинтогийн Зэсийн группийг удирдан ажиллахаар болж байгаадаа туйлын баяртай байна. Миний хувьд энэхүү ажил нь нэр төрийн хэрэг юм. Оюу толгойн хамт олон аюулгүй ажиллагаа, уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдээр дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэнд монгол хүний хувьд их бахархдаг.

Монгол Улсын иргэний хувьд Рио Тинто болон Оюу толгой төслийн талаарх ойлголтыг монголчуудад,  тэр дундаа Засгийн газар, олон нийт, нутгийн иргэд, ханган нийлүүлэгчдэд сайжруулахад нэн тэргүүнд анхаарна. Цаашид бат бэх итгэлцэл дээр суурилсан тогтвортой харилцаа, түншлэлийг бий болгохыг зорьж байна. Оюу толгой бол "Рио Тинто" болон Монголын ард түмний хувьд чухал төсөл. УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талуудад нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна” гэжээ.

Мөн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г засан сайжруулахыг хүсэж буй Засгийн газрын байр суурийг ойлгож, хүлээн авч байна. Ингэхдээ Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах байдлаар асуудалд хандаж, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн төлөө байна. Бид Монгол Улсын Засгийн газар болон Туркойз Хилл Ресурстэй хамтран ажиллаж, Оюу толгойн дэлхийд өрсөлдөх гүний уурхайн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, бодит үнэ цэнийг бүрдүүлэхээр хичээн ажиллана. Шинээр бүрэлдэж буй Засгийн газрын гишүүдтэй ойрын хугацаанд уулзаж, итгэлцэлд суурилсан харилцаагаа бататгах хүсэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Б.Болд нь 2016 оноос хойш "Рио Тинто" группийн Эрчим хүч, эрдэс баялгийн группийн Ерөнхий захирлаар ажилласан бөгөөд түүнээс өмнө 2013 оны тавдугаар сард "Рио Тинто" группт орсноос хойш Төмрийн хүдрийн Борлуулалт, далайн тээвэр хариуцсан захирал, Зэсийн группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан юм. Мөн Монголын томоохон компаниуд болон JP Morgan-д хөрөнгө оруулалтын банкир зэрэг удирдлагын түвшний ажлыг гүйцэтгэж байсан туршлагатай нэгэн билээ.

Сэтгэгдэл бичих