Киргизийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Садыр Жапаров тангаргаа өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Түүний тангараг өргөх ёслолыг төрийн телевизийн сувгаар шууд дамжуулжээ.
Тангараг өргөх ёслолд Киргизийн өмнөх Ерөнхийлөгч нар болох Сооронбай Жээнбеков болон Роза Отунбаева, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид, парламентын депутатууд, яамдын дарга нар, Элчин сайд нар болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зас нар оролцсон байна.
Энэ удаад Киргизийн эрх баригчид гадаад орнуудын удирдагчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийг тангараг өргөх ёслолд урихаас татгалзсан байна.
Киргизийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль нэгдүгээр сарын 10-нд болсон юм. Сонгуулийн ирц доогуур байсан бөгөөд нийт сонгогчийн 40 хүрэхгүй хувь нь саналаа өгчээ. Үүнээс 79.2 хувь нь Садыр Жапаровт саналаа өгсөн бол хоёрдугаарт, сонгогчдын 6.7 хувийн саналыг авсан тус улсын парламентын дарга асан Адахан Мадумаров оржээ.