/The Mining/. Австралийн уугуул иргэдийн ариун дурсгалт газрыг сүйтгэснийхээ улмаас олон улсын эсэргүүцэлтэй тулгарсан “Rio Tinto” групп олон нийтийн итгэлийг дахин хүлээхэд хувь нэмрээ оруулах удирдлагын шинэ багаа лхагва гарагт танилцууллаа.
“Миний бие “Rio Tinto”-г үйл ажиллагаа явуулж буй газрынхаа иргэд, олон нийт, Засгийн газар болон бусад хувьцаа эзэмшигчийн найдвартай түншийн хувиар сэргээн байгуулах хүсэлтэй байна” гэж тус группийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм мэдэгджээ. Тэрбээр Жан-Себастьян Жакийн халааг энэ сард авсан юм.
Ийнхүү Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирлаар Саймон Тротт, Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар Арнод Сойрат, Австрали дахь асуудал хариуцсан гүйцэтгэх захирлаар Келли Паркер нар ажиллахаар болжээ.
Мөн Хөнгөн цагааны группийн гүйцэтгэх захирлаар Иван Велла, Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар Баатарын Болдыг томилжээ. Б.Болд нь Эрчим хүч, эрдсийн группийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан юм.
“К.Паркерын хувьд Австралийн иргэдийн итгэлийг дахин хүлээх, гадаад харилцааг бэхжүүлэхэд анхаарна” гэж “Rio Tinto” мэдээлжээ.