Энэ сарын 26-нд Улаанбаатар хотоос Дарханд ирсэн хүнс тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Тодруулбал, мягмар гарагийн орой Буурал хангайн 140 дүгээр постоор нэвтрэхээс өмнө тандалт судалгаа авахад Улаанбаатар хотод өгсөн PCR шинжилгээний 48 цагийн хугацаа нь дууссан байжээ. Тиймээс Дархан сумын онцгой комисс, ЭМГ хамтран шуурхай ажиллаж, тухайн иргэнийг Дархан хот руу нэвтрүүлэлгүй түр саатуулж, 1 дүгээр сарын 27-ны өглөө Цагдаагийн алба хаагчдын хяналтад нэгдсэн эмнэлэгт хүргэж шинжилгээ авсан байна. Шинжилгээний хариу гарах хүртэл гэртээ байх үүргийг өгсөн боловч онцгой дэглэм зөрчиж фитнес төвд үйлчлүүлсэн аж. Тухайн иргэн нь энэ сарын 20-ны өдрөөс хойш Улаанбаатар - Дархан чиглэлд нийт гурван удаа тээвэрт явсан бөгөөд 23-ны өдөр өгсөн PCR шинжилгээний баталгааны хугацаа дууссан ч нэвтрэх оролдлого хийхэд түр саатуулжээ.
Өчигдөр буюу 27-ны оройн 20.00 цагийн орчимд гэр бүлийн гишүүд болох төрсөн эгч, хүргэн ахаас нь PCR шинжилгээ авч өнөөдөр өглөө хариу нь гарсан аж. Нэгдүгээр хавьтал буюу гэр бүлийн гэх таван иргэний шинжилгээний хариу сөрөг гарсныг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Түүнчлэн Тохь үйлчилгээний төв дэх Шинобу фитнес төвд үйлчлүүлсэн болон ойрын хавьтлын 52 иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан байна. Давтан шинжилгээ авч халдвар авсан эсэхийг нарийвчилж тогтоохоор аймгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.
Уг тээврийн жолоочийг өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 27-ны оройн 23.00 цагийн орчимд Улаанбаатар хот, ХӨСҮТ рүү авч явсан. Учир нь Дархан-Уул аймаг дахь голомт бус Улаанбаатар хотоос гаралтай голомт учир халдваргүй бүсэд эмчлэхгүй аж.
Улс орон даяар онцгой байдал зарлаж "Ковид-19" цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээний дэглэм зөрчсөн уг тээврийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох талаар онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдэгдэв.
Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар үйлдвэр, үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гараагүй бөгөөд оройн 18.00 цагт хуралдаж, аймгийн Онцгой комиссын хурлаар гарсан шийдвэрийг танилцуулна гэв.