Хөхний хоргүй хавдрыг соруулах аргаар 22 иргэнд мэс засал хийжээ

оруулсан Алсын Хараа

. "Korea Pharma" ХХК-иас Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-т хөхний хавдрыг соруулж авах БНСУ-д үйлдвэрлэсэн Bexcore system аппаратыг өнөөдөр хүлээлгэж өглөө.

Тус эмнэлэг эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж буй бөгөөд хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг өнгөрсөн оноос эхлэн нэвтрүүлжээ.

УХТЭ-ийн ерөнхий захирал С.Энхболд: Монголдоо албан ёсны эрхтэйгээр “Korea Pharma” компанийн оруулж ирдэг тус аппаратыг өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн манай эмнэлэг үйлчилгээндээ нэвтрүүлж, мэс заслыг хийж эхэлсэн.  Тус аппарат дүрсийн хяналттай хөхний хавдрыг соруулж авдаг. Өнгөрсөн онд 22 иргэнд хоргүй хавдар авах мэс заслыг хийсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээний үр дүн маш сайн байна.

УХТЭ-ийн Оношилгооны төвийн дарга Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган: Энэхүү эмчилгээний хамгийн гол онцлог нь хөхний хэлбэр, хэмжээг алдагдуулахгүй зөвхөн хавдрын эдийг 0.5 см урттай жижиг нүхээр соруулж авдагт оршино. Мөн ерөнхий унтуулга хийхгүйгээр хэсгийн унтуулга хийж мэс заслыг гүйцэтгэдгээрээ онцлогтой. Өвчтөн мэс заслын дараа 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой. Өнгөрсөн онд хийсэн 20 гаруй мэс засал бүгд хоргүй хавдар байсан. Үүнийг хортой хавдар дээр хийх аргачлалыг бид онлайнаар БНСУ-ын багш нараас суралцаж байна. Мэс засалд орсон иргэд 2-3 сарын зайтай хяналтын үзлэгт ордог. Одоогоор ямар нэгэн хүндрэл гараагүй. Хавдрын бүтцээс шалтгаалж, мэс засалд орсон өвчтөний 1-13 ширхэг хавдрыг соруулж авсан. Тус мэс засал эмчилгээ нэвтрээгүй байсан бол дээр дурдсан 20 гаруй иргэний хөхийг бүхэлд нь болон хэсэгчлэн тайрч хавдрыг авах байсан. Эмэгтэй хүн хөхөө тайруулснаар бие болон сэтгэл зүйд маш их өөрчлөлтөд ордог. Бид үүнээс сэргийлж чадсандаа маш их баяртай байна.

“Korea Pharma” ХХК-ийн ерөнхий менежер Б.Ариунтуяа: Манай компани 2014 оноос хойш эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагааг эрхэлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд манай компани БНСУ-аас хагалгааны шинэ технологиудыг Монголдоо нутагшуулахаар зорьж байна. 2020 онд УХТЭ-т хөхний хавдрыг соруулж авах Bexcore system аппаратыг суурилуулж өгсөн бөгөөд өнөөдөр ийнхүү тус эмнэлэгтээ хандивлаж байна. Мөн өндөр давтамжит технологиор хавдрыг түлэх эмчилгээг УНТЭ, Амгалан амаржих газарт нэвтрүүлээд байна.

Сэтгэгдэл бичих