/Latesly/. Хятад, Энэтхэгийн хилийн цэргүүдийн хооронд Энэтхэгийн Сикким мужийн Наку-Ла даваа орчимд мөргөлдөөн болжээ.
“Latesly” цахим хуудасны мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх арми Энэтхэгийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг завдсан бөгөөд Энэтхэгийн цэргүүд энэ үйлдлийг нь таслан зогсоожээ. Мөргөлдөөний улмаас Хятадын хорь, Энэтхэгийн дөрвөн цэрэг шархадсан байна.
Энэтхэг, Хятадын хуурай замын цэргийн командлалын төлөөлөгчид хил орчмын нөхцөл байдал, цэргүүдийг байрлуулах асуудлаар яриа хэлэлцээний хийснээс хойш удалгүй энэ талаар мэдээлжээ.
“Times of India” сонины мэдээлснээр, уулзалтад Энэтхэгийн хуурай замын цэргийн 14 дүгээр корпусын командлагч, дэслэгч генерал Менон, Хятадын Ардын чөлөөлөх армийн Өмнөд Шинжааны цэргийн тойргийн командлагч, генерал Лю Лин нар оролцсон байна.