УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн барьсан “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эрх баригч нам одоог хүртэл хэлэлцэхгүй байгааг шүүмжилж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр "Ард иргэд нэг жилийн хугацаанд хөл хорионд байна. Үүнээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Намрын чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлалаа. Иймээс энэ чухал тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй" гэв.
Түүнчлэн дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Л.Оюун-Эрдэнийг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй байгааг тэрбээр хэллээ. Засгийн газар хариуцлага хүлээж байгаа бол танхимаараа огцрох ёстой. Гэтэл ард түмнээр тоглоом тохуу хийсэн, өмнөх Засгийн газарт ажилласан хүмүүсийг шинэ танхимд ахин оруулж ирэхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй гэлээ.
Эх сурвалж: gogo.mn