Засгийн газар огцорсон, Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа үед УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тодрох ганц сэдэв нь Оюутолгой төсөл болохоос яалтай, өнөөдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлах юм байх. Энэ өлсгөлөнд УИХ-ын гишүүдийг ч нэгдэхийг уриаллаа.
Ийм акц эхлүүлсэн нь зөвхөн С.Ганбаатар гишүүний сэдсэн санаа байх нь юу л бол… МАХН-ыхан Даваа гаригт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах нь гэсэн зар өчигдөр түгсэн. Харин өнөөдөр МАХН-ыг УИХ-д төлөөлж буй ганц гишүүн нь Сүхбаатарын талбайд өлсгөлөн эхлүүлсэн нь С.Ганбатаарын гэхээсээ Н.Энхбаярынх нь санаачлага ч байх талтай. Парламентад ганц суудалтайгаа ашиглан, Оюутолгой төслөөр гул барин Засгийн газрын танхимд нэг сайдын суудал авахыг санаархаж ч буй юм билүү, хэн мэдлээ. Ойрын өдрүүдэд шинэ Засгийн газар байгуулагдана.
Ардчилсан нам Засгийн эрх барьж байх 2012-2016 онд МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн нэрээр Засгийн газарт хүмүүсээ сайдаар суулгаж, тэр байтугай хүүгээ Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр суулгасан хүн бол Н.Энхбаяр дарга. Одоо тэр О.Баасанхүүгээс илүү тоглоомыг нь эхлүүлэх хүнтэй болсон нь С.Ганбаатар гишүүн юм. Нөгөөх нь ч муу эр дайнд хөөрнө гэдэг шиг л зүтгэнэ. Тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар МАХН-ын дарга Н.Энхбаярт ирэх зургадугаар сард товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх “шаанс” байхгүй. Өөр хүн нэр дэвшүүлье гэвч С.Ганбаатараас нь илүү нэр нүүр болгочих хүн МАХН-д байхгүй нь бас гашуун үнэн. Иймээс хүний нөөцийн боломжоо харсан ч, өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан жишгээ бодсон ч С.Ганбаатар гишүүнд “даагаа нэхэх” юм шиг мэдрэмж төрүүлж буй нь лавтай.
Тиймээс “цогтой эх оронч” С.Ганбаатарт энэ тэмцэл ашигтай тусах өндөр магадлалтай тул цаана нь улс яаж хохирох хамаагүй шүү дээ.
Ийм зүйлийг монголчууд уг нь “Муу эр дайнд хөөрнө” гэж буруутгадагсан, одоо ч “Эх оронч л хүний хийх үйлдэл” гэж магтуулах болж дээ.
Г.ХОРОЛ
news.mn