Монгол Улсад ОХУ-ын “Газопровод Союз Восток” компанийг бүртгэсэн талаар "Газпром" компанийн албан ёсны сайтад энэ сарын 22-нд мэдээлжээ.
ОХУ-ын “Газпром” компани Монгол Улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг энэ оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Энэхүү ажлыг хариуцан гүйцэтгэх “Газопровод Союз Восток” компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, бүртгүүлжээ.
“Газопровод Союз Восток” компани нь “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулж тавихтай холбоотой асуудлыг эрхлэн явуулах аж. Энэхүү шинэ хоолой нь хүчин чадлын хувьд “Сибирийн хүч-1”-ээс 1.3 дахин хүчин чадалтай байх талаар “Газпром”-ын ерөнхий захирал Алексей Миллер мэдэгджээ.
“Газпром” компани Монголын Засгийн газартай байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих санамж бичгийг 2019 оны 12 дугаар сард, Хөрөнгө оруулалтын өмнөх шатны үнэлгээ хийх санамж бичгийг 2020 оны 8 дугаар сард тус тус байгуулсан юм. Монголын нутгаар тавих хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байна хэмээн тооцож байгаа юм.