БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Хамгаалалтын захиргаадад шаардлагатай тээврийн хэрэгслүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тухайлбал, УТХГ-ын Отгонтэнгэр, Хан Хэнтий, Богдхан уул, Улаан Тайга, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нурууны ДЦГ-ууд, Горхи-Тэрэлж, Онон-Балж, Хангайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаанд моторт завь, 2-4 хүний суудалтай цасны мотоцикл, сольдог тэвштэй хогны машиныг хамгаалалтын дуулга, бээлий, шил, аврах хантааз дагалдах хэрэгслийн хамт өгөв.
ХБНГУ-ын Засгийн газар, Германы сэргээн босголтын зээлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” энэ төсөл цаашид үргэлжилнэ. Мөн, улсын төсвийн хөрөнгөөр туулах чадвар сайтай машин, мотоцикл нийлүүлэх юм.