Монгол Улсын Ерөнхийлөгчийн гурван хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй гэж тус бүлгийн гишүүд өнөөдөр мэдээлэв.
АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан. Тэгвэл хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ нээлттэй сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилох болсон юм. Ерөнхийлөгч уг хуулийн заалтад хориг тавьжээ. Мөн Шүүхийн тухай хуульд, УИХ-аас ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог томилох заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Ерөнхий сайд Засаг дарга нарыг санал болгож томилдог заалтад тус тус хориг тавьсан юм.
Авлигын эсрэг хуульд тавьсан хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй хоёр үндэслэл буйг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлав. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заагдсан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно гэж заасан. Тус зүйлд Ерөнхийлөгчид хамаарах найман чиг үүргийг тодорхойлжээ. Тиймээс Ерөнхийлөгчид уг зүйлээс өөр чиг үүргийг хуулиар олгож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасан байна. Тиймээс Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль зэрэг хуульд Ерөнхийлөгчид эрх мэдэл олгохыг хориглосон талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэмдэглэв. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг нь зөвхөн Засгийн газарт байна гэж тусгасан. Тиймээс АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлт оруулсан хэмээлээ.
Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийг батлах ажилд бүтээлчээр оролцсон хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээллийн үеэр онцлов. Тэрбээр, "Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлаад, төслөө эргэн татаж авсан. Улмаар ажлын багт 35 зүйл бүхий 100 хуудас санал ирүүлсэн. Тэдгээрийн 98 хувийг нь УИХ хүлээн авч хуулийн төслийг баталсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хууль нь Ерөнхийлөгчийн идэвх санаачилгаар батлагдсан. Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг УИХ булааж авсан юм шиг улс төр хийж байна. Ерөнхийлөгч бүх шатны шүүгч, Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийг 100 хувь ганцаараа томилж байгаа. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь өөрөө хонгил үүсгэсэн гэдэг шүүмжлэл бий болгосон" гэв.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь сүүлийн 28 жилийн Үндсэн хуульд гарсан алдаа, дутагдлыг үнэлж, дүгнэн олон жил ярьсан асуудлыг тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тайлбарлав. Нутгийн удирдлагын тогтолцоо, гүйцэтгэх эрх мэдэл сул байна гэдэг дүгнэлт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр яригдаж байсныг онцоллоо. Өөрөөр хэлбэл, төв Засгийн газрын удирдлага, хариуцлага, томилгооны системд асуудал байна гэж дүгнэжээ. Тиймээс Ерөнхий сайд төв засгийн газрын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхийн тулд наад зах нь аймаг, нийслэлийн засаг даргыг шууд томилох, илүү удирдлагын босоо тогтолцоог тодорхой хариуцлагатай нь цуг бий болгох асуудлыг ярьж байсныг тухайн үед ярьж дэмжиж байсныг дурдав.