Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн (2021.01.24) ээлжит мэдээллээ олон нийтэд өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
Нэгдүгээр сарын 23-нд нийт 12848 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлын ес нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны байрнаас бүртгэгдсэн. Өвчин тараах эрсдэлтэй үед голомт бүртгэгдсэн. Энэхүү халдвартай холбоотойгоор Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо орчмын бүсэд тандалт илрүүлэг хийж байна. Нийтийн эзэмшлийн орон сууц болон гэр хорооллын 1000 гаруй хүнд шинжилгээ хийхээр эхлүүлсэн. Бусад долоон халдвар нь батлагдсан тохиолдлын хавьтлууд юм.
Улсын хэмжээнд Сovid-19 халдварын батлагдсан тохиолдол нийт 1627 боллоо. Үүний 1124 нь дотоодод бүртгэгдээд байна.
Нийслэлд 16 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр халдварын батлагдсан тохиолдол 798 болоод байна. Өнгөрсөн хоногт 24 хүн эдгэжээ. Одоогоор биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43 хүн, бусад нь биеийн байдал хөнгөн байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 7 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн дөрөв нь хүнд. Батлагдсан тохиолдлуудыг дүүргээр нь авч үзвэл
- Баянзүрх-420
- Баянгол-158
- Сүхбаатар-40
- Сонгинохайрхан-76
- Хан-Уул-53
- Чингэлтэй-43 тохиолдол тус тус бүртгэгдсэн.
Нийслэлийн бүх дүүрэгт Сovid-19 халдвар бүртгэгдсэн. Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа юм. Халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна. Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулъя.
Сүүлийн 30 хоногт 21 аймаг, 300 суманд Сovid-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд халдвар голомтлон тархсан 6 аймагт өвчлөл шинээр бүртгэгдээгүй, хяналтад байна. Гэвч нийслэлд халдварын тархалт цар хүрээгээ тэлж байгаа нь хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой аж. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын хоёрдогч хавьтал 5000-д хүрчээ.
Үсчин, гоо сайхан, захуудыг нээсэн нь эрсдэл дагуулж байна
ХӨСҮТ-ийн дэд захирал Д.НАРАНЗУЛ:
Өнөөдрийн байдлаар халдварын голомтын хамгийн идэвхтэй бүс нь Улаанбаатар. Сүүлийн өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулж, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн. Өнгөрсөн долоо хоногт олон хүн нэг дор цугласан жагсаал болж, томоохон зах, худалдааны төв, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний төвүүдийг нээсэн. Энэ нь цаашид халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Эрсдэл нэмэгдсэн тул иргэд аж ахуй нэгжүүд тодорхой зүйлийг анхаарах хэрэгтэй. Ялангуяа 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас илүү хугацаанд халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс үсчин, гоо сайхны газрууд аль болох цагаар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Олон хүний бөөгнөрөл, хүлээлт үүсгэхгүй байх шаардлагатай. Мөн томуугийн улирлын дэгдэлтийн үед Сovid-19 халдвар хавсарч байгааг иргэд анхаарах хэрэгтэй. Барааны захуудыг нээсэн ч онлайн худалдааг хөгжүүлэх хэрэгтэй.
https://fb.watch/3cX3jS3_B3/