Өчигдөр буюу Бямба гарагт сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал ОХУ даяар зохион байгуулагдлаа.
Навальный таван сарын хугацаанд эмчлүүлснийхээ дараа өнгөрсөн Ням гарагт Германаас эх орондоо ирээд баривчлагдсан юм. Цар тахлын хөл хорионы дэглэмийг зөрчиж, Бямба гарагт болох хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг Оросын эрх баригчид иргэддээ урьдчилан анхааруулж байсан ч олон мянган хүн оролцсон байна.
Нийслэл Москва хотын төвд 40,000 гаруй хүн цугларсан нь ойрын жилүүдэд болоогүй том эсэргүүцлийн арга хэмжээ болсныг зохион байгуулагчид нь мэдээлжээ. Харин Москва хотын захиргаа 4,000 орчим хүн оролцсон гэж мэдээлсэн байна.
Жагсагчид “Путин бол хулгайч!”, “Навальныйг чөлөөл!” зэрэг уриаг хоолой нийлүүлэн хашхирч байжээ. Навальныйн гэргий Юлия жагсаалын үеэр баривчлагдсанаа сошиал сүлжээнд мэдээлсэн байна. Орос даяар 70 орчим хотод жагсаал цуглаан зохион байгуулагдах үеэр нийт 1,614 хүн баривчлагдсан ба энэ тоо цаашид өсөх хандлагатай байгааг OVD-info судалгааны байгууллага мэдээлжээ.
Цар тахлын нөлөөгөөр эдийн засаг доройтож, хүн амын дунд бухимдал улам нэмэгдсэн гэж Навальныйг дэмжигчид үздэг. Харин сүүлийн 20 гаруй жил ОХУ-ыг удирдаж байгаа 68 настай ерөнхийлөгч Владимир Путиний рэйтинг тогтмол 60-аас дээш хувьтай байгааг албаны эх сурвалжууд мэдээлсээр байна.
Эх сурвалж: Reuters