ГОЛ ТОГЛОГЧ | Шинэ дэглэмийн автор

оруулсан Алсын Хараа

"Хүмүүс адилхан цаг хугацаанд амьдарч буй атлаа зарим нь түүхийг бүтээж, үлдсэн нь тэднийг харж амьдардаг. Бидний амьдрал зөвхөн дурсамж үлдээхэд бус, түүх бүтээхэд зориулагдах ёстой”. 10 жилийн өмнө гаргасан номондоо тэр ингэж бичжээ. Харин өдгөө тэр түүхийг бүтээж, бусад нь түүнийг ажиглан харж байна.


АЛСЫН ХАРАА

Зорилгоо олсон хүн хоёр янзын зам туулдгийг бид мэднэ. Нэг нь аль болох амар хялбар, дардан замыг эрж хайдаг бол нөгөө нь бартаа саад ихтэйг үл харгалзан урагш зүтгүүлдэг. Амар хялбар, дардан замыг сонгосон хүмүүсийн зорилго нь ихэнхдээ жижиг, өчүүхэн байдгийг анзаарч болно. Тэд үнэндээ том зорилго тавьдаг ч түүний замд хөндөлсөх эрсдэлүүдээс айдаг. “Их юм санаж явж байж, одоо байгаагаасаа улам дордож, хамраараа газар хатган унаж мэднэ. Тэгснээс энүүхэндээ ингэсхийгээд өөртөө хал балгүй явж байсан нь өлзийтэй” гэж бодно. Эсрэгээрээ том зорилготой хүмүүс эрсдэлээс огт айдаггүй. Тэд бол хаана хүрэхээ сайн мэддэг хүмүүс юм. Замд нь тохиолдох саад тотгор, бэрхшээлийг тэд айдас гэж биш, харин ч бараг боломж гэж хардаг. Амжилттай хүмүүсийн амжилтгүй хүмүүсээс ялгардаг гол ялгаа энэ. Уулын оройг харж чадсан хүн л тэнд хүрэх зоригийг олдог. Үүнийг бид зорилго гэж нэрлэдэг билээ.

Сүүлийн үед алсын хараа буюу “Vision” гэж их ярих болсон. Алсын хараатай хүн амжилтад хүрдэг гэсэн номлол ч энд тэнд тааралдах нь элбэг. Алсын хараа, зорилго хоёрыг манайхан хооронд нь хольж хутгах юм уу, эсвэл нэг зүйл гэж ойлгоод байдаг талтай. Зорилго ихэнхдээ үр дүнд чиглэсэн байдаг бол алсын хараа илүү тасралтгүй үйл явцад чиглэсэн байдаг л даа. Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн зорилгуудын гинжин  хэлхээг алсын хараа гэж нэрлэж болмоор санагддаг. Зорилго бол та хүссэн үр дүнгээ авахын тулд юу хийх ёстойг хэлж буй маш тодорхой зүйл. Харин алсын хараа бол яг ч тийм тодорхой, барим тавим багцаалдахаар эд биш.

Алсын хараа гэж юу болох, энэ нь яагаад зорилгоос илүү чухал вэ гэдэгт ганцхан хариулт хэлье. Зорилгыг хэмжиж болдог. Бас зорилгодоо нэгэнт хүрсэн бол тэр зорилго таны цаашдын амьдралд дахин хэрэг болохгүй. Алсын харааг бол хэмжих аргагүй. Тэр таны төсөөлөн бодох чадварын хэрээр тэлж байдаг зүйл.

Зорилго бидэнд юу хийхийг минь хэлж өгдөг, гэхдээ яагаад үүнийг хийх ёстойг хэлдэггүй. Энэ бол зорилго дангаараа амьдралын утга учир болж чадахгүй гэдгийн нотолгоо. Харин алсын хараа бол чадна. Үүнийг их эрт буюу Бэрх тосгоны буйдхан гудамжинд гүйж явахдаа, “Бэрс” сургуулийн  бичгийн ширээ тохойлдон сууж байхдаа л ухаарч ойлгосон залуугийн тухай энд өгүүлэхийг зорьлоо.

Алсын хараа нь түүний амьдралыг өөрчилсөн. Тэгвэл одоо тэр бусдын алсын харааг өөрчлөхөөр тэмүүлж явна. Тэр хаа байсан 2005 онд “Алсын хараа” гэж ном гаргаж байв. Үүнээс 10 жилийн дараа “Азийн хүлэг улс” гэх номоо бичиж, алсын хараагаа улс орны хүсэл тэмүүлэлтэй холбов. Харин 2020 онд тэр “Алсын хараа 2050” гэх Монгол Улсын төрийн бодлогын алсын харааг тодорхойлов.

Одоо та хэний тухай өгүүлж буйг шууд тааж чадна. Тэр бол Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ юм. Өдгөө түүний туг барих алтан цаг тохиож буй. Гэвч энэ цагийг тааруулахын тулд тэр их эртнээс агшин хором, минут секунд бүрийг өөрийн хүсэл мөрөөдөлдөө зориулсан юм. Үүнийх нь төлөө барьж яваа тугаа бүү газар унагачихаасай гэж туйлаас хүснэ. Яагаад гэвэл, одоо цагийг бүтээх учиртай залуучууд, ирээдүйгээс итгэл тээн наашилж яваа шинэ үеийнхэнд үлгэр жишээ, урам зориг хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнийн гарт зүгээр ч нэг улаан өнгөтэй, намын логотой дарцаг намирч байгаа юм биш. Урагдвал нөхөж болохгүй, унавал буцааж босгох аргагүй залуу үеийн итгэл найдвар, эх орны ирээдүйгээс бүтсэн улсын минь далбаа намирч байгаа. Тиймээс л Л.Оюун-Эрдэнэ гэх хувь хүний амбиц, алсын хараа гээгдэж, улс орны алсын хараа, Азийн хүлэг улс болох амбиц л одоо үлдсэн. Түүний цаг явж эхэлсэн.

СҮҮЛЧИЙН ГАНЦ МОГИКАН

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ гэвч оногдсон цагаа зөв, үр бүтээлтэй ашиглаж чадаж байна уу гэдэг тусдаа асуудал. Хүмүүсийн үзэл бодол энэ тал дээр өөр өөр. Гэхдээ дүн гарах болоогүй.

Түүнийг төрд хийсэн ажил, туршлагаараа ЗГХЭГ-ын дарга болоогүй гэсэн хандлага зонхилдог. “60 тэрбум”-ын хэргийг нийгэмд сэвж, УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаас нь ховхруулахад оройлон зүтгэснийх нь төлөө шагнал болж ирсэн албан тушаал гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ энэ шагнал эзнээ олоогүй гэж бол хэн ч хэлэхгүй.

Засгийн газрын гал тогоог хариуцдаг уг албан тушаалыг тухайн цаг үеийн аль сортоотой, золбоотой улстөрчдөд оноож ирсэн. Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн ээлж тохиосон хэрэг. Түүнийг хэтэрхий олон асуудал руу үсчсэн, хэл амаа билүүдсэн, хэрүүл зарга бүхэнтэй очиж зууралдсан байдлаар ажлаа явуулж байна гэх шүүмжлэл бий. Үнэхээр ч ид ирэн дээрээ яваа залуу хүний хувиар аагархаж бяралхаж байгаа янз маяг хааяа их тод илэрдэг. Бусдын өмнүүр орж, юм л бол уралцах гээд байдаг сүүл өөдөө нохой шиг авирлах нь улс төрийн хувьд тодрох гэсэн оролдлого гэж ойлгож болох юм.

ЗГХЭГ-ын дарга хүн Ерөнхий сайдын тэргүүлэн манлайлах чиг үүргийг дэмжиж ажиллахаас биш, танхимын бусад сайд нараасаа онцгойрч, тодроод байх зохисгүй. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд одоогоор оролцохгүй асуудал гэж алга. Өөрөө үүнийгээ тайлбарлахдаа “Коронавирус гараад хэцүү байхад улс төрийн вирусүүд ажил хийлгэхгүй төвөгтэй байна шүү” гэж хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах эсэх асуудал дээр маргалдсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдыг дайруулж хэлж байгаа ёгт санаа л даа. Ер нь Л.Оюун-Эрдэнийн тодроод буй нэг онцлог нь хэрүүл маргаанд тун ч оновчтой, ёж, тодорхой үгийг олж хэлж сурсан нь анзаарагддаг. Тухайлбал, “У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл хийхгүй. Үүнд ард түмэн итгэж болно. Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэхгүй. Бид хэзээ ч Тавантоглойн орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц тохироог хийхгүй. Бид хэзээ ч УИХ-аар оруулахгүйгээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөхгүй” гэж хэлнэ. Хэнийг онилоод, хэнийг онож хэлээд байгаа нь товч бөгөөд тодорхой. Үүнийг л улс төрийн уран чадвар гэж үнэлэхээс аргагүй.

Хамгийн гол нь аар саархан хэрүүл зарга, богино зайн тоглолтуудынхаа дундуур мөнөөх “Алсын хараа” гэх том амбицаа орхилгүй амжуулж яваа. Тэрбээр “Алсын хараа 2050” гэх Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг санаачилсан нь төр засгийн зүгээс ирээдүй рүүгээ 30 жилийн алслалтай харж байгаа анхны тохиолдол гэж хэлж бараг болно. Тэнд олон л сайхан мөрөөдөл тусгалаа олсон. Ирэх 30 жилд хэд нь биелэхийг хэлэх боломжгүй ч хамтдаа харах нэг зүг, нэг цэгтэй болж авсан нь сайн хэрэг ээ. “Аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана”, “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ”, “Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15 мянган ам.долларт хүргэнэ”, “Авлигагүй улс болно” гэх мэт сайхан зүүдээр шагнасанд нь ядаж талархах учиртай. Яагаад зүүд гэж хэлэх болсноо тайлбарлах нь илүүц биз. Учир нь одоохондоо Л.Оюун-Эрдэнээс өөр энэхүү алсын харааг биелчихнэ гэж итгэж, үнэнээсээ үнэмшиж байгаа хүн байхгүй. Харин Л.Оюун-Эрдэнэ “Зорьвол хүрдэг, итгэвэл биелдэг” гэдгийг өөрийнхөө амьдралаар нотолж яваа тул тэр зарчмаа л номлох нь зүйн хэрэг ээ.

ӨШӨӨ АВАХ КОМПЛЕКС

Санамсаргүйгээс салхи дэгддэггүй. Л.Оюун-Эрдэнэ гэх “хар салхи” хаанаас ер нь дэгдээд, өнгөрсөн 30 жилийн турш ургасан улс төрийн ургаа хад, мод бутыг булга татан “сүйдлэх” болов гэдгийг хачирхан бодож үзлээ. Гэтэл их холоос учир шалтгааны сэжүүрийг олов. Л.Оюун-Эрдэнэ багаасаа л гологдох, чамлагдах, басагдахыг үзэн ядаж өсчээ. Тэр зангидсан өсөө заавал тайлж байх ёстой гэсэн далдын зөн совинтой нэгэн юм. Аавгүй өссөн учраас өөрийг нь өөрөөс нь өөр өмгөөлөх хүн байхгүй гэдэг бодол түүнийг хатуу чанга эр хүн болгосон байх талтай. Үүнд нь нөлөөлсөн нэг үйл явдал долдугаар ангид байхад тохиолджээ. Тэрбээр үеийнхээ хамгийн хөөрхөн охинд дурлаж, түүнтэйгээ үерхээд явж байтал охины эцэг эх тэднийг эрс эсэргүүцэн, уулзуулахаа ч больжээ. Ингэхдээ “Эцэггүй хүүхдийн толгой том. Ямар л олигтой хүүхэд байв гэж” хэмээн ил шулуун хэлж, хөөрхий хөвүүний зүрхийг сийчээд хаяж дээ. Орой нь Л.Оюун-Эрдэнэ гэртээ очоод, анх удаа өвөөгөөсөө “Миний аав ямар хүн байдаг юм бэ?” гэж асуусан гэдэг.

Энэ үеэс хойш тэр хүүхэд насаа бүрмөсөн гээж “Заавал мундаг хүн болно” гэж шазуур зуусан нэгэн болж хувирчээ. Гэхдээ эерэг тал руугаа сэдэл өгч, зорилготой хүний ёсоор амьдралд хандаж эхэлсэн байна. Түүний хонзогногч, заавал өсөө тайлж байж амардаг зан араншингийн талаар багадаа хамт өссөн, өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж буй нэгэн эрхэм дурсахдаа “Л.Оюун-Эрдэнэ номхон, дөлгөөн хүүхэд байсан. Гэхдээ түүний цаана яаж ч мэдэх догшин нөхөр нуугдаж байдаг. Нэг удаа манай тосгоны атаман ах олон хүүхдүүдийн өмнө Л.Оюун-Эрдэнийг өшиглөөд унагачихсан юм. Яс үзсэн ч яагаад ч дийлэхгүй, каратегээр хичээллэдэг, биднээс ах хүүхэд байсан л даа. Гэтэл Оюука өшиглүүлсэндээ шаралхаад, гэрийнх нь орцны үүдэнд хоёр хоног отож байгаад, гарч ирэхээр нь тоосгодчихсон юм даа. Айхтар хонзогногч байгаа биз дээ?” гээд учиргүй хөхөрч суусан юм. Энэ бол Л.Оюун-Эрдэнийг илэрхийлэх хамгийн гол баримт байж магадгүй.

Улс төрд амжилт олоход нь энэ зуунги, зууснаа тавьдаггүй догшин зан их тус болсон гэж санагддаг. Тэр анх МАНАН-гийн эсрэг, М.Энхболдыг огцруулахын эсрэг орилсны цаад угт өсөө тайлах гэсэн улайрсан тачаал нуугдаж байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Өмнө нь М.Энхболдод хавчигдаж, дарамтлуулж, няслуулж явсан өшөөгөө авсан. Энэ тухай хойно өгүүлэх болно.

Харин нэг зуусан бол тавьдаггүй чанар нь М.Энхболдыг дарж авах гол зэвсэг болсныг тодотгоё. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тэмцэлд эхэндээ үнэхээр ганцаардсан тал бий. У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёр парламентийн гадна талд байх тул түүнд улс төрийн бодитой тулгуур болж чадахгүй байлаа. Аргагүйн эрхэнд “М.Энхболдыг огцортол чуулганд суухгүй” гэж мэдэгдэж, тэр нь бүтэн зуны турш үргэлжилсэн. Өөр хүн байсан бол тэмцлийн гал унтарчихлаа гэж үзээд бууж өгчихмөөр хугацаа өнгөрсөн, үйл явдлууд ч өрнөсөн. Хууль, шүүх, тагнуул, прокурор, АТГ гээд бүх магадлалаар М.Энхболдын бүлэглэл ялахаар харагдаж байсан. Нэг ёсондоо найдвар багатай тэмцэлд ялагдаж байгаа талд гав ганцаараа зогсож байлаа. Тэр байтугай, УИХ-ын гишүүнээсээ больж, орон нутгуудаар “Шинэ 25 жил” гэх лекц унших тухай бодтол нь дарамт шахалт ирж байсан гэдэг. Гэвч бүтэн дөрвөн сарын турш бууж өгөхгүй үзэлцсээр байгаад УИХ-д дэмжигчидтэй ч болж, М.Энхболдыг уучлалт гуйлгаж, улмаар огцруулж чадсан түүхтэй.

Одоо тэр хөмхийгөө зуусан хэвээрээ л яваа. Учир нь МАНАН гүйцэд сарниагүй гэж ярьдаг. Өдгөө тэр “Эхэндээ энэ МАНАН гэгчийн дөнгөж захыг нь хараад, гүнийг нь ойлгохгүй яваад орчихсон юм байна” гэж хэлж сууна. Хамгийн наад захын жишээ нь, түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг цуцлах зорилгоор үйлдвэр дээр нь очоод хөрөнгийг нь лацдангуут ТЕГ-ын дарга утсаар ярьж дарамталжээ. “Улс төрд удаан явъя гэж бодож байгаа бол наадахаа боль. Залуу хүнд халтай шүү” гэх мэтээр ярьсан гэдэг. ЗГХЭГ-ын дарга нь тэнд эрх мэдлээ хэрэгжүүлээд явж байхад эндээс харьяа агентлагийнх нь дарга түүний эсрэг явж байна гэдэг их л хачин сонсогдсон шүү. Тиймд МАНАН-гийн толгой тасарсан ч тогтолцоо нь хэвээрээ байгаа гэж Л.Оюун-Эрдэнэ хэлнэ лээ. Авлига, албан тушаалын хэргийг шүүх дээр хэдэн ч жилээр барьж, торгоож болдог, улмаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж ял завшуулдаг тогтолцоог тэд нэгэнт бүтээчихжээ. Ялангуяа шүүх, прокурор, тусгай албадад МАНАН-гийн үр хөврөл гүн шигдсэн тул хуучин тогтолцоог бүрэн нураахад төвөг саад тохиолдож буй аж. Ингээд үзвэл Л.Оюун-Эрдэнэ “Престройка” буюу өөрчлөн байгуулалт хийхээр санаархагч юм. Тэр хуучин тогтолцоог уг ёзоороор нь нурааж орхиод, дахин цоо шинэ дэглэмийн тоосго өрж сууна.

ШИНЭ ТАЙЗ

Тэр амьдралынх нь зам мөрийг засч өгсөн хоёр сайхан ахтай хүн. Нэг нь төрсөн ах. Нөгөө нь хуурай ах. Сонирхолтой нь, төрсөн ахтайгаа таарахаасаа өмнө хуурай ахтайгаа зузаан болж амжаад, замаа заалгачихсан тал бий. Тэгээгүй бол өдийд Ерөнхий сайдын биш, Ерөнхийлөгчийн торгон цэргийн хороог захирчихсан явах байлаа.

Түүний хуурай ах бол мэдээж У.Хүрэлсүх. Л.Оюун-Эрдэнэ 1999 онд дөнгөж иргэний үнэмлэх авмагцаа л Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд гишүүнээр элсэж, улмаар  2001 онд Хэнтий аймгийн Бэрх сумын Тамгын газрын даргаар томилогдсон түүхтэй. Тэр үед У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, МАСЗХ-ны Ерөнхийлөгч байсан юм. МАСЗХ гэдэг нь өнөөгийн НАМЗХ л доо. Хорин нэгхэн настай залууг ийнхүү дарга болоход У.Хүрэлсүхийн хүн таних хийгээд татах чадвар чухлаар нөлөөлсөн байж таарна. Ер нь Л.Оюун-Эрдэнийг томоор сэтгэж, холыг харахад хамгийн голлох нөлөө үзүүлсэн хүн яах аргагүй Хүрэлсүх мөн. Суманд нь ирээд уулзалт хийхдээ “Энэ бүүдгэр орчлонд чи шатахгүй, би шатахгүй юм бол хэн шатах юм бэ...” гээд л хөөрхий залуугийн зүрх сэтгэлийг хөвсөлзүүлээд хаячихсан байна.

Тамгын газрын даргаар нэг жил гаруй ажилласныхаа дараа “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Хэнтий аймаг дахь суурин төлөөлөгчөөр ажилласан. Олон улсын байгууллага босго өндөртэй, шалгуур ихтэйг хэн хүнгүй мэдэх учиртай. “Бэрс” гэх хувийн сургуульд сэтгүүлч мэргэжил эзэмшсэн, ажлын туршлага, хэл ус ч байхгүй атлаа олон улсын байгууллагын шалгуурт тэнцсэн гэхээр цаанаасаа л өгөгдөлтэй золиг байсан байгаа юм. Тэрбээр 2002-2007 он хүртэл “Дэлхийн зөн”-д салбарын захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх, Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээчээр ажиллажээ. Үүнээс нь болж түүнийг шашны зүтгэлтэн, захиалгатай улстөрч гэх нь бас бий.

Ингээд 2008 оноос улс төрийн амьдралд идэвхтэй оролцох болсон нь У.Хүрэлсүхийн идэвхжлийн мөчлөгтэй давхцана. Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, МУБИС-д боловсрол судлалаар магистрын зэрэг хамгаалж амжсан байв.

Тэр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн “Number one” хөдөлгөөний санаачлагч юм. Хотод Н.Энхбаярын рейтинг тааруу байсан тул 14-хөн хоногийн хугацаанд ахиц авчрах гэсэн хөдөлгөөн байсан ч амжилт олоогүй. Тэр үед нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан намын аппаратын л нэг ажил байсан гэх хардлага ч явдаг. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад МАХН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт Намын байгуулалтын хэлтсийн даргаар томилогдоод удаагүй байсан тул намын дотоод бодлогод шууд оролцох боломжтой болж иржээ.

Намын залуучуудын байгууллагадаа бол бүр оройлох шинжтэй болсон байж. Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад удалгүй МАСЗХ-ны дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, О.Содбилэг нартай өрсөлдөж, 100 хувийн саналаар ялалт байгуулж байсан нь бас л нэг баримт. Түүнээс өмнө энэ холбоог У.Уламбаяр агсан, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар удирдаж байсан учраас улстөрчийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн сэнтий байлаа.

ХУУЧИН ТАВИЛАН

Түүний замналд чухал нөлөө үзүүлсэн хоёр ах байдаг тухай өмнө хэлсэн. Хуурай ах нь У.Хүрэлсүх байж, түүний улс төрийн чиг шугамыг зурж өгсөн бол хувь тавилангийн зураасыг төрсөн ах нь улам тодотгож өгсөн юм. “Hero entertainment” студийн найруулагч Б.Баатар тэр хоёр нэг эцгийн хүүхдүүд. Аав ээж багад нь салсан тул Л.Оюун-Эрдэнэ өвөө дээрээ өсчээ. Түүний өвөө Лувсаннамсрай нутагтаа нэр хүндтэй, лам хүн байсан гэдэг.

Л.Оюун-Эрдэнэ бүр сүүлд буюу 2005 оны үест ахтай гэдгээ мэдэж, улмаар танилцсанаас хойш ах дүүсийн тун хүчирхэг хослол бий болов. Хэн хэнийхээ дутууг нөхөж, давуу талуудаа нэгтгэснээр өнөөдөр нэг нь урлагт, нөгөө нь улс төрд нэрээ мандуулж явна. Л.Оюун-Эрдэнэ ахтайгаа нийлж, хэд хэдэн кинон дээр ажилласан. “Би чамд хайртай”, “Татар ажиллагаа” зэрэг киног бүтээлцэж, “Херо” гэх компани байгуулсан нь чамгүй ашиг орлоготой байв.

Энэхүү хоршил улмаар улс төрийг утгаар нь “самарсан” гэж хэлж болно. МАН-ын дотоодод өрнөсөн М.Энхболдын эсрэг тэмцэлд У.Хүрэлсүх энэ хоршлыг л ашиглаж ялалт байгуулсан гэдэг бол нөгөө талд Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд ялсан Х.Баттулга мөн л энэ хоршлын “уран бүтээл” гэх нь бий. Ах нь Х.Баттулгад, дүү нь У.Хүрэлсүхэд хүчээ өгдөг учраас тэдний сайн найруулгын ачаар тэр хоёр хүн өдгөө Монголын төрийн эрхийг атгаж байгаа гэсэн уран төсөөлөл төрдөг л юм. Сонгуулийн үеэр алдагдсан М.Энхболдын бичлэгүүд, Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утасны яриа гээд уг төсөөллийг бодит болгох баримтууд бас таардаг. Магадгүй М.Энхболдын сонгуулийн кампанит ажлыг Л.Оюун-Эрдэнэ ахтайгаа нийлж нураасны хүчинд Х.Баттулга Ерөнхийлөгч болсон гэх домог зохиовол үнэнээс жаахан хэлтийсэн байлаа ч нэн сонирхолтой байж чадна. Ийм “үлгэр” зохиогоод түүндээ үнэмшдэг хүн цөөн биш. Л.Энэбиш агсны хүү Мөнх-Очир нэгэн ярилцлагадаа “У.Хүрэлсүхийн гаргаж ирсэн хэдэн залуучууд улс төрд бохир техник хэрэглэж байна. Л.Оюун-Эрдэнэ гэж залуу анх улс төрд орж ирэхдээ л их бохир орж ирсэн. Сандал суудлын төлөө гаргаж ирсэн технологи нь их л “заваан” харагдаж байна” гэж шүүмжилж байлаа. Тэр мөн Л.Оюун-Эрдэнийг гадны шашны мөнгөөр улс төрд орж ирсэн гэдгийг тодотгосон байж билээ.

Шашны мөнгөөр улс төрд орж ирсэн, захиалгатай улстөрч гэх санаа үндэснээсээ салсан хамхуул шиг энд тэнд хийсч явдаг л даа. Чухам юунаас уг дүгнэлт ургасныг хөөгөөд үзвэл, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад ажиллаж байсан хийгээд Австрийн Мельбурны их сургууль, АНУ-ын Жорж Тауны их сургуулиудын тусгай хөтөлбөрт хамрагдаж, Харвардыг төгссөн зэргээс нь үүдэлтэй бололтой. Түүнийг бүр сүмийн пастор буюу номлогч байсан шахуу дэгсдүүлдэг. “Дэлхийн зөн”-г үүсгэн байгуулагч нь Христийн шүтлэгтэн байсан учраас байгууллагын соёл нь шашны агуулгатай мэт тогтсон байх талтай. Түүнчлэн удирдах албан тушаалтнууд нь ихэнхдээ сүмийн пасторууд байх нь элбэг.

Тус байгууллагад бүсийн захирал болтлоо дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ 2008 онд үзэл бодлоо огцом өөрчилж, алсын хараагаа өөр зүгт хандуулсан гэдэг. Гадаадын төсөл хөтөлбөрүүд биш, дотоодын зөв бодлого л Монгол Улсыг хөгжүүлэх юм байна гэж бодох болжээ.

Тэрбээр Харвардад суралцаж ирснийхээ дараа “Азийн хүлэг Монгол” гэх бодлогын судалгааны байгууллагыг 2015 онд үүсгэн байгуулсан нь мөнөөх бодлогын эрлийн үргэлжлэл байв. Тус байгууллагадаа Харвард, Колумб, “MIT“ их сургуулийн төгсөгчдөөс бүрдсэн 300 орчим судлаачийг нэгтгэсэн нь Монголын хөгжлийн гарцыг хайхад олон зүгийн мэргэдийг татан оролцуулсан томоохон санаачлага ажээ.

ЗАЛУУ БАЙХЫН ЗОВЛОН

Улс төрд орж ирснээсээ хойш Л.Оюун-Эрдэнэ тун богино хугацаанд үеийнхнээсээ урагш цойлж гарч ирсэн. НАМЗХ-ны Ерөнхийлөгч болсныхоо дараахан намын нарийн бичгийн дарга, улмаар бүр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. “Улс төрийн шатаар торохгүй өгсөж явна даа” гэтэл 2012 онд тэр гэнэтийн шийдвэр гаргасан нь гадагшаа явж сургуульд сурах байлаа.

Энэ шийдвэрээ намын удирдлагууддаа танилцуулж, явахаасаа өмнө 300 хүн урьж, хүлээн авалт зохион байгуултал найз нөхөд, намын нөхөд нь санаснаас ч их хандив өгчээ. Түүний тодорхойлолтыг Н.Багабанди, Сү.Батболд, С.Төмөр-Очир нар гаргаж өгч байсан гэхээр хэр чансаатай явсны гэрчлэл юм.

АНУ-ын Харвардын их сургуульд улс төрийн магистр хамгаална гэдгийг дэлхийн шинэ үеийн удирдагчдын хөтөлбөр гээд багцаалдаад ойлгочихож болно. Ийм хөтөлбөрт хамрагдаад ирсэн нь Л.Оюун-Эрдэнийн нэр хүндийг улам л дээш хөөргөдөөд шидчихсэн нь мэдээж. Харин өөрөө болохоор Харвардад суралцаж ирснээр улам л буурьтай болж, сууриндаа улам бат шигдэх болсон гэж ярьдаг. Үнэндээ Л.Оюун-Эрдэнэд “сохорсон биш завшив” гэгч үйл явдал тохиолдсон юм.

2012 оны сонгуульд ялагдсан МАН-ын дотоодод үхэх сэхэхийн төлөөх далд хэрнээ тун хүчтэй тэмцэл өрнөсөн байдаг. Энэ тэмцлийн явцад М.Энхболд өөрийн хамгийн том өрсөлдөгчөө У.Хүрэлсүхийг гэж харж, түүний эсрэг төлөвлөгөө боловсруулав. Нөгөө алдарт 60 тэрбумын бичлэгт “У.Хүрэлсүх гэх аалзны хөлийг таслах хэрэгтэй” гэж хэлж байсны учир тэр.

Ингээд М.Энхболд У.Хүрэлсүхийн хөлийг таслах төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн нь намынхаа залуучуудыг хагалж орхисон юм. Гэхдээ энэ хагарлыг М.Энхболд зориуд эхлүүлсэн. Тодорхой хэлбэл, М.Энхболд намынхаа залуучуудын дунд НАМЗХ гэх яс хаяж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй залуучуудын эсрэг Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, О.Содбилэг гэх залуучуудыг турхирсан юм.

НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг “хусч хаях” захиалгат ажиллагаа тун амжилттай хэрэгжсэн. НАМЗХ-ны тавдугаар их хурал болох дөхөхөд МАН-ын залуучуудын хуваагдал улам гаарч, хоёр талцан ширүүхэн дайтсаны эцэст Л.Оюун-Эрдэнэ ялагдал хүлээсэн билээ.

Л.Оюун-Эрдэнийг ялагдуулах бүх бэлтгэлийг М.Энхболд дээрээс чиглүүлэн бэлтгэсэн байсан гэж яригддаг. Юун түрүүнд түүнийг гадаадад сурч байгаа нэрийдлээр НАМЗХ-ны их хурал хүртэл чөлөөлж, бэлтгэл ажилд оролцохгүй байлгах арга хэмжээг авав.

Улмаар бэлтгэл хангах ажлын хэсгийг Г.Тэмүүлэн ахалж, тухайн үеийн холбооны удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчийг ч холбооны зохион байгуулалтын ажилд оролцуулахгүй байхаар шийдэж байсан юм. Үүний үр дүнд Г.Тэмүүлэн НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдож, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 139 залууг гудамжинд гаргаж хаялаа.

Энэ ялагдлын гашуун амтыг тэдгээр залуус удаан мэдэрсэн гэж хэлж болно. Учир нь нам нь ялагдаж бүгд гудамжинд гарсан ч У.Хүрэлсүхийн талынхан гэдэг зүйчлэлээр улам мухрын гудамжинд шидэгдэж байсан залуус бол тэд. МАН засагт эвсэл болон орж, эрх барилцахад Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр нар дэд сайд болж байхад У.Хүрэлсүхийн “тасдуулсан гар хөл” харанхуй гудамжинд хэвтэж байсан юм.

Ер нь ямар ч тохиолдолд залуу үе рүүгээ дайрч, далайлгасан хүн заавал ялагддаг гэсэн хууль улс төрд үйлчилдэг. “Бид өсөж яваа, та өтөлж яваа” гэдэг байгалийн хуулийг сөрсөн хэнбугай ч эцэстээ залуу үедээ ялагддаг. М.Энхболдоос өмнө залуу үеэ нухчин дарах гэж оролдоод, нуга даруулсан алдааг Н.Энхбаяр мөн гаргаж байсан юм. Тэрбээр У.Хүрэлсүх, У.Барсболд гэх хоёр залууг хооронд нь арсалдуулж, эцэстээ өөрөө л улс төрөөс явсан.

Залуу үе рүүгээ буу шагайсан энэ алдааг М.Энхболд мөн давтаж, өдгөө үүнийхээ горыг амсаж байна гээд хэлчихэд буруудах юмгүй. Залуучууд хэчнээн хагаралдаж, зөрчилдсөн ч тэдний үл ойлголцол нэг л оройны уулзалтаар алга болдог зүйл. Үе гэдэг ийм. Тийм ч учраас үе үеэрээ ачаа үүрч, товойж ялгарч гарч ирдэг жамтай.

М.Энхболд нухчин дарахыг хичээн оролдож байсан залуус нь толгойгоо өндийлгөж, зөөлөн сэнтийгээс нь ховх татахын чинээ төсөөлөөгүй байх. М.Энхболдод нэр цэвэр үлдэх ганц л боломж байсныгаа тэрбээр ашигласан. Тэр нь өөрийн саналаар УИХ-ын даргаас буугаад, сул гишүүн болж мэнд сугарч үлдэх.

Улс төр ийм хатуу. Нэгэн цагийн ялалт нөгөө цагийн ялагдал болж хувирдаг. М.Энхболд өөрөө өөрийнхөө мэхэнд унасан нь тэр. У.Хүрэлсүхийг дарж авах гэсэн биш, эсрэгээрээ улам хүчтэй өрсөлдөгч болгож орхисон хэрэг.

ЗАЛУУ БАЙХЫН ЖАРГАЛ

Л.Оюун-Эрдэнийг урвагч, хий хоосон попрогч гэж цоллох нь бий. М.Энхболдын сонгуулийн PR-ыг хариуцаж, цүнхийг нь барьж гүйж явснаа нэг л өдөр М.Энхболд шиг муу хүн байхгүй болчихсон тавьж явсан. Гэхдээ түүнийг “эврээ ургахаар эхийгээ мөргөдөг ишиг”-тэй андуурч болохгүй. Л.Оюун-Эрдэнэ анхнаасаа 60 тэрбумын бичлэг гарч ирмэгц ёс зүйн хариуцлагыг М.Энхболдоос нэхэж байсан ганц гишүүн. Эцэст нь тэд дөчүүлээ болж, ямар ч байсан М.Энхболдыгоо буулгаж авч чадсан.

АТГ болон прокурорын байгууллагаас уг хэргийг нотлогдох боломжгүй гэдэг үндэслэлээр хаагаад байсныг Л.Оюун-Эрдэнэ хаваржин, зунжин ганцаараа орилсоор байгаад дахин шалгуулахаар болж байлаа. Л.Оюун-Эрдэнийн энэ тэмцлийг залуу улстөрчийн тодрох оролдлого гэсэн тайлбар бас явдаг. Юутай ч Л.Оюун-Эрдэнийн хувьд улс төрийн энэ өрөг бол улс төрийн өшөө авалт байсан байх магадлалтай. Л.Оюун-Эрдэнэ нэг талаар намынхаа нэрийг цэвэрлэх, Засгийн газрыг аварч үлдэх, залуучуудаа өмөөрөх, шударга ёсны талд зогсож үлдэх улс төрийн өрөг нүүсэн.

Хэрвээ энэ тэмцэлд ялагдсан бол түүний улс төрийн карьер эрсдэлд унах байсан. Адаглаад л аль нэг хэрэгт холбогдуулан шалгаж, нэр хүндийг нь өндийхгүй болтол нам дарах хүч чадал М.Энхболдод байсан юм шүү.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ хувь хүний үүднээс тун шинжгүй, жудаггүй зан гаргаж байж тэмцлээ цааш үргэлжлүүлэхээс аргагүй болсон байх. Тэрбээр найзаа, ахаа, намаа гэж бодохгүйгээр шугамдсан даа. Шугамдана гэдэг нь ёс зүй, дүрэм ярихдаа тал тохой татаж хэн нэгнийг тойрохгүй, чиг шугамаасаа хазайлгүй зүтгэснийг нь хэлж байна. Удирдагчид улс төрийн байр суурь, гүйцэтгэл ба эс үйлдэл, үлдээсэн өв, ёс зүй гээд олон шалгуураар үнэлэгддэг. Эдгээрээс хамгийн жин дардаг нь улс төрийн байр суурь буюу талаа сонгох асуудал юм. Л.Оюун-Эрдэнэ даргаасаа урвасан болохоос талаасаа урваагүй гэж дүгнэж болмоор шиг. Түүний зорилго өс авах, эсвэл өөрөө тодрохын аль нь ч байлаа гэсэн тэмцэл нь ард олны санаа бодолтой нийцэж байсан. Магадгүй энэ бүхний эцэст Л.Оюун-Эрдэнийн нэрийн урд “урвагч, араас хутгалагч” гэх нэр хоч салахааргүй наалдаж хоцорсон байж мэдэх л юм.

Гэхдээ нэг л зүйл тодорхой. Ялсан тал тодорхой. Л.Оюун-Эрдэнэ муу нэр зүүсэн ч сайн зүсийг олсон. МАН одоо маш том сорилтын өмнө тулж ирээд буй. Улс төр бол нэг нь явж, нөгөө нь ирдэг ертөнц. Өнгөн дээрээ МАН доторх М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ гэх хоёр хүний тэмцэл шиг харагдсан боловч үнэн хэрэгтээ бүхэл бүтэн үе солигдож буй үйл явц байсан.

Л.Оюун-Эрдэнэ өөртөө улс төрийн оноо авахын төлөө жинхэнэ тэмцэгчийн рольд тоглосныг үгүйсгэхгүй. Монголын улс төрийн мафи буюу МАНАН-тай хийсэн тэмцлээр олж авсан нэр хүндээ хэр удаан хадгалахаас түүний цаашдын улс төрийн зураг тодорно. Магадгүй цаашид өөр нэгэн цоо шинэ “Л.Оюун-Эрдэнэ”-д нуга даруулах “М.Энхболд” шиг хуучиртлаа л улс төрд өөрийн үүрэг роль, орон зайгаа үлдээх байх.

“Өндөрт ниссэн шувуу илүү алсыг хардаг” гэж тэрбээр номондоо бичжээ. Одоо л хэлсэн үгнийхээ шидийг үздэг цаг даа. Залуу нас нь түүнд далавч болж, зорилго тэмүүлэл нь түүний тэнгэр болж өглөө. Анх хөөрөхөд нь түлхэж өгсөн хөрст газар нь харин ард түмний итгэл байж таарна. Гэвч алгаа дэлгээд нисгэсэн шигээ алдаа гаргавал алгадаад унагаж чадах газрын зоо гэдэг хатуу. Нисч яваа шувууд өндөрт гарах тусам газраасаа тасардаг жамыг сөрж л нисээсэй билээ...

Zindaa.mn

Эх сурвалж: "Шинэ үеийн ГОЛ ТОГЛОГЧ" ном

Зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв

Сэтгэгдэл бичих