Конор хүнд цохилтоор ялагдаж, гол хөзрөө алдлаа

оруулсан Алсын Хараа

Өнөөдөр Абу-Даби дахь Тулааны аралд холимог тулааны UFC 257 тэмцээн болж, гол тулаанд нь Конор МакГрегор, Дастин Порье нар нударга зөрүүллээ.

Сүүлийн үед бага зэрэг чимээгүй байгаа ирланд тулаанч Конор хамгийн сүүлд аваргын бүсийн төлөө 2016 онд тулалдсан, 2018 онд Хабибаас хойш хүчтэй өрсөлдөгчтэй тулалдаагүй байгаа. Гэхдээ 32 настай тэрээр холимог тулааны гол од хэвээр. 2020 онд эргэн ирэхдээ Конор Дональд Серронег ердөө 40 секундэд нам цохисон. Тэр цагаас хойш мөнгө олох, алдарт гарах гэсэн тулаанчдын дунд Конорыг ирүүл тулаанд дуудах нь нэг ёсны моод болоод байлаа. Конор өнгөрсөн зургаадугаар сард гурав дахь удаагаа зодог тайлж байгаагаа зарласан. Гэхдээ дахин их мөнгөөр эргэн ирэлт хийх зорилготой нь илт байлаа. Харин тэр хэнийг өрсөлдөгчөөрөө сонгох бол? Долоодугаар сард нь Конор боксын рингэнд гарах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ингээд спорт сонирхогчид Конор Макгрегор - Мэнни Пакьяо гэсэн тулааныг хүлээж суулаа. Гэвч UFC холбоо супер тамирчнаа боксод явуулчихсангүй. Дана Уайт, Конор хоёр хэвлэлээр дамжуулан, маргалдаж, нэг нэгнээ хувийн захиагаа хэвлэлд ил болгосон гэж буруутгаж эхэллээ. Конор 2020 онд UFC-д дахин тулалдах хүсэлтэй байгаагаа хэлсэн ч Уайт зөвшөөрөөгүй нь тодорхой болсон. Ингээд Конор холбооноос тусдаа тулалдахаар шийдэж, Дастин Порьег хандивын тулаанд дуудсан юм. Уайт энэ бүхнийг зүгээр хараад сууж чадсангүй. Макгрегор, Порьегийн тулаан жирийн нэг хандивын тоглолт гэхэд хэт томдоно. Захидлыг нь олонд ил болгосон Конортой муудалцсан ч Уайт ирланд залуутай тохиролцохоос өөр аргагүй болж, Макгрегор, Порьегийн тулааныг UFC холбооны хүрээнд зохион байгуулахаар боллоо. Конор сайн бизнесмэн гэдгээ дахин батлан харуулсан явдал болов. Харин Уайтын хувьд Конорыг эргүүлэн авчирсан гол учир нь Порьетэй хийх тулаан биш, ойрын ирээдүйн супер тулаан байв. Магадгүй тэр Конор, Хабибийн хариу тулааныг зохион байгуулах хүслээ орхиогүй л яваа байх. Хабиб одоо Абу-Дабид байгаа. Уайт түүнтэй уулзсан. Харин Нурмагомедов хэрэв Макгрегор, Порье хоёр гойд сайхан тулалдвал эргэн ирэхэд бэлэн гэж хэлсэн гэж Уайт мэдэгдээд байгаа. Итгэхэд хэцүү ч Уайт их мөнгөөр Хабибийг эргүүлэн авчирахаар хөөцөлдөж байгаа юм.

Гэхдээ Дастин Порьег Хабиб, Конорын тулааны өмнөх өгөөш мэтээр харж болохгүй. Тэр 2019 онд Хабибтай аваргын бүсийн төлөө тулалдаад боолгож ялагдсан. Тэр цагаас хойш мэс засалд орж, UFC Vegas 4 тэмцээнд Хукерийг ялаад байгаа юм. 2014 онд Конортой тулалдаж, эхний үед хүнд цохилтоор ялагдсаныхаа хариуг авах зорилготой. Мөн Конорын урилгыг хүлээн авсныхаа төлөө тэр Буяны байгууллагадаа Конороос 500 мянган ам.доллар авсан тул тулаан эхлэхээс өмнө л ашиг орлоготой ажиллачихсан байгаа. Тиймээс ч тэд тулааны өмнөх жин үзэлт, хэвлэлийн хурал дээр тун найрсаг байсан билээ. Тулаанаас авах мөнгө Конор 5 сая ам.доллар бол Дастин 1 саяыг авна. Дээр нь төлбөртэй сувгийн орлогоос хувь хүртэх юм.

Бооцоо тавигчдын үзэж байгаагаар тулаанд Макгрегор ялах хувь 1.36, Порье 3.29 байсан. Хэн хэн нь босоогоос тулалддаг, хүнд цохилттой тул бүтэн 5 үе тоглохгүй, хэвтээд тулалдахгүй байх гэсэн таамаглалтай байв.

Үсээ хусаж, имижээ өөрчилсөн Конор тулааны эхнээс илүүрхэж байлаа. Харин Порье хөлд орж, хэвтээд шилжүүлэх гэж оролдсоноос өөр юм гаргасангүй. Хэрэв Конор хүссэн бол энэ үед унагаах байсан мэт сэтгэгдэл төрж байв. Ихэнх цохилт нь оновчтой, өрсөлөгчдөө ямар нэг хохирол заавал учруулж байлаа. Гэвч хоёрдугаар үед тулаан огт өөрөөр дууслаа. Хоёрдугаар үеийн 2,50 минутад Порьегийн зүүн цохилт Конорын баруун шанаанд туслаа. Нэг их хүчтэй цохилт биш ч Конор салгалаад явчихлаа. Үүнийг мэдэрсэн Дастин дахин угсруулан цохиж, энэ удаад баруун нударга Конорын яг духанд туссанаар Конор уналаа. Дастины ялалт.

Конор хүнд цохилтоор ялагдсан нь түүнийг хөнгөн жингийн аваргын бүсээс алхам холдуулсан төдийгүй гол тоглогчийн суудлаас буулгасан хэрэг боллоо. Хабиб эргэн ирэх ч үндсэндээ үгүй болсныг зарласан тулаан болсон.

Сэтгэгдэл бичих