МАН-ын дарга У.Хүрэлсүх засгийн бодлогыг үргэлжлүүлэх дараагийн Ерөнхий сайдаар өөрийн танхимын ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хэмээн танилцууллаа. Улмаар намынхаа Удирдах зөвлөл, Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг оруулж, түүнийг бараг л 100 хувийн саналаар дэмжлээ. Одоо түүний нэрийг Ерөнхийлөгчид танилцуулах юм.
Л.Оюун-Эрдэнийн хувьд 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа нийгэмд шударга ёсны төлөө дуугарч байсан төдийгүй шударга ёсны томоохон тэмцлийг эхлүүлж байсан юм. 2019 оны 02 дугаар сараас хойш засгийн “гал тогоо” гэгддэг ЗГХЭГ-ыг удирдаж ажилласан бөгөөд бодлогын хамгийн чухал ажлуудыг гардан хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын өнгөрсөн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг төсөөлөх, төлөвлөх ажлыг санаачилсан бөгөөд 1500 гаруй эрдэмтэн, судлаачдыг багтаасан томоохон ажлын хэсгийг байгуулж жил гаруйн хугацаанд “Алсын хараа- 2050”Монгол Улсын бодлогын баримт бичгийг батлуулсан.
“Эрдэнэт” үйлдвэр, Багануур, “Монголросцветмет“ зэрэг томоохон төрийн өмчийг хувьдаа нэгэнт аваад байсан улс төр, эдийн засгийн бүлэглэлийн эсрэг тэмцлийг гардан хэрэгжүүлсэн гавъяатай гэж олон нийт үнэлдэг. Эрдэнэт үйлдвэрийг лацдаж, санхүүгийн луйврын схемийг ил болгож, Засгийн газрын нууц тогтоолыг ил болгосон гээд тоочвол У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол ажлуудыг нугалсан хийсэн нэгэн.
Хамгийн гол нь шинэ залуу үеийнхэнд улс орны маргаашийг даатгаж, хөгжил рүү тэмүүлэх залуусын давалгаа нийгэмд ямар их ихээхэн хүлээлт үүсгэж байгаа нь сая нялх биетэй ээж, хүүгийн кейсийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалаас тод харагдсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилд нийгэмд ужгирсан шударга бус бүх зүйлийн эсрэг эрч хүчтэй, шинэ залуу үеийнхэн тэр дундаа 80-аад оны төлөөлөл төрд гарч ирж буйд иргэд, тэр дундаа залуу үеийнхэн сэтгэл хангалуун байна.
Мөн 2 дарга нь тамгаа булаацалдсан, дотооддоо лидерийн зодоонтой байгаа АН-д МАН өнөөдөр улс төрийн томоохон харьцуулалт болж бүхэл бүтэн үеийн шинэчлэлийг маш амжилттай хийж буйгаа харуулж чадлаа.
ШИНЭ ҮЕИЙНХЭН ХААЛГААР ОРЖ ИРЛЭЭ.