УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөрт нь шахалт ирсэн талаар хэллээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай хуулийг тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад ирүүлж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байдлыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн шахалтыг биелүүлээгүй.
Өчигдрийн болсон үйл явдал бол ард түмний эвлэлдэн нэгдэх үг хэлэх эрхээ эдлэх жагсаал байсан. Харамсалтай нь сүүлдээ энэ жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглаж, үндэсний эв нэгдлийг сарниулах тодорхой үйл явдал болсон гэдгийг ХЗДХ-ийн сайдын хувьд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчийн асуудлыг УИХ цаашид авч хэлэлцэх нь зүйтэй гэж бодож байна” гэв.