Озэки Шодай, Дайэйшёо нар 10 даваатай башёг тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

 Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны тэмцээн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдааны дараа Дайэйшёо /М-1/ 10 даваатай болж, Озэки Шодайтай хамт башёг тэргүүлж байна.

Тэрбээр, энэ өдөр Мейсэй /М-7/-тэй барилдан, түүнийг цүкиотоши мэхээр хаяж 10 даваа, 2 унаатай болсноор, өнөөдөр даваагаа ахиулсан Озэки Шодайтай унаа, даваа тэнцүү башёг үргэлжлүүлж байгаа юм.

Хацү башёг тэргүүлэгч энэ 2 бөхийн араас Озэки Асанояама, Сэкиваке Тэрүнофүжи, Ичиножёо /М-12/, Мейсэй /М-7/, Котоновака /М-15/ нарын 5 бөх 8 даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм.

Өнөөдрийн барилдаанд Монголын сумочдоос Ичиножёо А.Ичинноров, Оношо /М-3/-той барилдан, хатакикоми мэхээр давж, 8 даваа, 4 унаатай боллоо. Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Котоновака /М-15/-д унаснаар тэдний унаа, даваа адилхан 6 байна.

Мөн энэ өдөр  Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Мёогирюү /М-9/-тэй барилдаж, түүнийг окуридаши мэхээр хаяж, 7 даваа, 5 унаатай болов. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Комүсүби Митакэүмитэй барилдаж, түүнд макиотоши мэхээр унаснаар 5 даваа, 7 унаатай боллоо. Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Асанояаматай барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, тэд адил 8 даваатай болов.

  Хацү башёгийн 12 дахь өдөр Озэки Шодай, Рюүдэн /М-6/-г ёрикири мэхээр хаяж, 10 дахь даваагаа авсан бол Озэки Асанояама, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд мөн ёрикири мэхээр унасан юм.

Маргааш Ичиножёо А.Ичинноров, Саданоүми /М-17/-тэй, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Тэрүцүоши/М-12/-тай, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Шиманоүми /М-10/-тэй, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Эндо /М-5/-той барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Комүсүби Такаясүтэй тус тус барилдана.

Сэтгэгдэл бичих