Х.Баттулга: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжихгүй байна

оруулсан Алсын Хараа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцож үг хэлэхдээ Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, чуулганы индэр дээрээс үг хэллээ.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

"Монголын түүхэнд тэмдэглэх хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг МАН-д авчирсан Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй, учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдлийг яагаад хийх болов гээд эргэлзэхийн дээдээр эргэлзэн гайхаж байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг гарна гэж би санасангүй. Нэг зүйл маш тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Өнөөдөр Оюутолгойн төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй, гадаадын хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь С.Батболд гэдгийг хаа хаанаа тогтоогоод эхэлсэн. Тиймээс Монголын төрийг хямрааж Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажлыг тэр удирдан зохион байгуулж эхэллээ.

ҮАБЗ-ийн гишүүд урьд өмнөх ҮАБЗ-ийн үеэс илүү нэгдмэл санаа зорилготойгоор хамтран ажиллаж улс орны өмнө тулгамдсан асуудлыг нэг цонхоор харж чадаж байсан. Монгол Улсын Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг УИХ-ын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын багийг миний бие өөрөө ахалж ажиллаж байсны хувьд, Монгол Улсын Засгийн газар урт удаан хугацаанд, үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг саяхан баталсан. Иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэлд би туйлын харамсалтай байна. Өөрийнхөө шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж байгаа.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт байсан юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй. Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг огт дэмжихгүй гэдгийг энэ индэр дээрээс мэдэгдье" хэмээв.

Сэтгэгдэл бичих