Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 20-ны өдөр улсын хэмжээнд 12,940 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
15 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан гэр бүлийн, орцны хавьтал болсон хүмүүс байна. Өчигдөр мэдээлсэн БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суучгдаас 9, "Монос" эмийн санд засвар хийж байгаад халдвартай нь батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн болон бусад ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ.
Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,584 болсон бол үүнээс 1,046 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 523 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 55, хөнгөн 462 байгаа" гэв.
Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын 10 гаруй кластер өвчлөл бүртгэгдсэнээс хоёр нь идэвхтэй байна. Эдгээр голомтоос хэчнээн хүн халдвар авсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.
-Иргэн Д-гийн голомтоос гэр бүл, үзвэр үйлчилгээ, караоке, нэг орцны, буяны ажил, найз нөхдийн хүрээнд нийт 48 тохиолдол
-Төмөр замын голомтоос гурван байршилд 16 тохиолдол
-ЭС-ийн голомтоос гурван байршилд найз нөхөд, гэр бүлийн хүрээнд 58 тохиолдол
-БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтоос есөн байршилд нийт 387 тохиолдол бүртгэгдсэн. Дээрх голомтоос үүсэлтэй “Тэнүүн огоо”, ХСҮТ зэрэг гэр бүлийн хавьтлаар хэд, хэдэн шалтгаант голомт үүсэж 357 тохиолдол
-“Ачтан” эмнэлэгтэй холбоотой голомтоос дөрвөн байршилд 72 тохиолдол
-“Мөнххада” компаниас ажлын болон гэр бүлийн гэсэн хоёр байршилд 28 тохиолдол
-Баянгол дүүргийн таван орон сууцанд 16 тохиолдол
-Баянзүрх дүүргийн 17 дугаар хороотой холбоотой голомтот 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Тэрбээр мэдээлэлдээ, “Улаанбаатар хотод гарсан дээрх найман том кластер голомтын хариу арга хэмжээ оновчтой болж, голомтуудын хүрээ хязгаар хяналтад орсон. Сүүлийн 7-24 хоногт халдвар бүртгэгдээгүй. Харин одоо Улаанбаатар хотод идэвхтэй байгаа хоёр голомт бий. Үүний нэг нь "Монос" компаниас үүсэлтэй голомт өндөр идэвхжилтэй байна. Тус голомтоос үүдэлтэй ажилтан, завсар хийж байсан хүн, тэдгээрийн гэр бүлийн хавьтлуудыг оруулаад нийт 40 тохиолдол бүртгэгдээд байна. Хоёр дахь нь, Тохижилт үйлчилгээний компанитай холбоотой голомтоос ажилтан, гэр бүлийн хүмүүс нийтдээ 17 хүн халдварлаад байна. Сүүлийн олон тохиолдолтой холбоотой нийт ойрын хавьтал 1203, хоёрдогч хавьтал 4497 болсон. Голомтын хавьтлын тоо, өвчлөгчдийн тоо нэмэгдэх хэрээр халдвар улам нэмэгдэнэ. Тиймээс иргэд эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг мөрдөх нь зүйтэй. Тайвширч болохгүй. Нийслэлийн хүрээ хязгаар ихтэй голомтод аж төрж байгаагаа ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Агааржуулалтын хоолойгоор коронавируст халдвар тархах магадлалтай гэсэн судалгааны дүн дэлхийн улс орнуудад гарч байна.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэлийн мэдээлснээр, БНХАУ-ын Ухань хотод ресторанд хооллож байсан хүмүүс агааржуулалтын хоолойгоор халдвар авсан байж болзошгүй гэсэн судалгааны дүн гарсан аж. Мөн АНУ, Франц, Дани, Польш зэрэг оронд махны үйлдвэрт ажилладаг олон хүн коронавирусээр халдварласан байна. Үүнд агааржуулалт муутай битүү орчинд байх, агааржуулалтын хоолой муу ажиллах зэрэг нь нөлөөлсөн гэж үзжээ. Түүнчлэн БНСУ-д хийсэн нэг байрны судалгааны дүнгээр, агааржуулалтын хоолой муу ажиллах нь коронавирус тараах эрсдэлтэйг тогтоожээ.
Харин манай улсын хувьд, нэг орон сууцанд халдвар гарсан тохиолдол нийслэл хотод 3-4 кластер бүртгэгдээд байна. Сүүлийн үед БГД-ийн 19 дүгээр хороонд нэг орцонд хоёр өдөр дараалан өвчлөл бүртгэгдсэн. Иймээс НЭМҮТ, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран тандалт судалгаа хийж байгаа бөгөөд маргааш судалгааны дүнг танилцуулах юм байна.