УОК-ын удирдлага огцорч байгааг Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын удирдлага огцорч байна. Миний шууд хариуцаж байсан асуудал биш ч гэсэн хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс Монголын төрд байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Ерөнхий сайд болон ард иргэдээсээ уучлалт гуйж байна. Хариуцсан салбар, даалгасан ажлын төлөө Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ.
“COVID-19”-ийг дотооддоо алдаагүй 10 сарыг бид өнгөрөөсөн. Үүний 5 сар нь шинэ Засгийн газрын ажил байсан. Алдаатай, оноотой ч коронавирусний эсрэг тэмцсэн миний тэмцэл, манай багийн тэмцэл, нөхдийн ажил зүтгэл стратегийн том алдаа гаргаагүй гэдгээ цохон тэмдэглэж байна.
Бид дэлхийд цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван орны нэгээр нэрлэгдэж байгаа. Коронавирусээр нэг ч хүн нас бараагүй, цар тахал нийтийн өвчлөл болоогүй гэдгийг онцолж хэлье. Тун удахгүй олон улсад зөвшөөрсөн вакцин оруулж ирж, бүх иргэдээ дархлаажуулна. Бүх нийтийн дархлаажуулалтын ажлыг эхлэх болсон гэдгийг ч хэлье. Нэг ёсондоо бид коронавирусний эсрэг тэмцэлд очих ёстой цэгээ харж байсан юм. Хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, цагдаа хүчнийхэн, нийслэл, аймгуудын онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, Монгол Улсын Засгийн газар, УИХ-д хамтран ажилласанд талархал илэрхийлж байна. Ингээд УОК-ын даргын хувьд Шадар сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг өнөөдөр Ерөнхий сайдад хуулийн дагуу хүргүүлж байна. Нийт ард иргэдээсээ дахин уучлал хүсэж байна” гэлээ.