Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны тэмцээн Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдааны дараа Дайэйшёо /М-1/ 2 унаатай болсноор башёг ганцаараа тэргүүлж явсан амжилтаасаа ухарлаа.
Тэрбээр, энэ өдөр Оношо /М-3/-д цүкиотоши мэхээр ойчиж, 2 унаа, 9 даваатай болсноор, өнөөдөр даваагаа ахиулсан Озэки Шодайтай унаа, даваа тэнцүү болов. Хацү башёг тэргүүлэгч энэ 2 бөхийн араас Озэки Асанояама, Мейсэй /М-7/ нар 8 даваатай нэхэж байна. Харин тэдний хойно Тэрүнофүжи, Ичиножёо, Такаясү нарын 6 бөх 7 даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм.
Өнөөдрийн барилдаанд Ичиножёо /М-12/ А.Ичинноров, Мёогирюү /М-9/-тэй барилдан ерикири мэхээр унаж, 7 даваа, 4 унаатай болсон бол Кирибаяама Б.Лхагвасүрэн /Т-8/, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/-д цүкиотоши мэхээр унаснаар тэд адилхан 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/-той барилдан, ошидаши мэхээр хаяж 7 даваа 4 унаатай байгаа бол Тамаваши 5 даваа, 6 унаатай болов. Өнөөдрийн сүүлийн барилдаан Озэки Шодай, Окиноүми /М-5/ нарын дунд болж, Озэки исамиаши мэхээр давж 9 даваатай болж, өөрийн дэмжигчдээ баярлууллаа. Мөн Озэки Асанояама, Сэкиваке Таканошёотой барилдан, түүнийг хатакикоми мэхээр хаяж 8 дахь даваагаа авч чадлаа.
Маргааш Ичиножёо А.Ичинноров, Оношо /М-3/-той, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Котоновака /М-15/-тай, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Мёогирюү /М-9/-тэй, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Асанояаматай барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Комүсүби Митакэүмитэй тус тус барилдана.