/Financial Review/. Монголын Засгийн газар концессийн эрх өгөхгүй бол Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэхгүй гэж “Rio Tinto” групп заналхийлж байгааг зохисгүй бөгөөд шаардлагагүй үйлдэл гэж үзэж байгаагаа уг төслийг гүйцэтгэгч “Rio Tinto”-гийн охин компани мэдээлжээ.
Геологийн шинэ асуудлууд ирэх хоёр жилд ил уурхайн зэс, алтны олборлолтод нөлөөлөх төлөвтэй байгаатай зэрэгцэн “Turquoise Hill Resources” компани Монголын Оюу толгой уурхайн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой “Rio Tinto”-гийн сүрдүүлэх бодлогыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна.
“Turquoise Hill” хувьцааных нь 50.79 хувийг “Rio Tinto” эзэмшдэг боловч тус групп зургаадугаар сард томоохон шийдвэрүүдийг гаргахаас өмнө Монголын Засгийн газраас геологи, санхүү, инженеринг, эрчим хүчний нийлүүлэлт зэрэг олон асуудлыг хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаатай санал нийлэхгүй байгаа ажээ. Зургаадугаар сард гарах шийдвэр далд уурхайн “зүсэлтийг” эхлүүлэхэд түлхүү анхаарах юм байна.
“Rio Tinto” нь Оюу толгой уурхайн хувьцааг эзэмшдэггүй боловч “Turquoise Hill”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч тул уурхайн үйл ажиллагаа, санхүүг зохицуулахаар томилогдсон юм. “Turquoise Hill” нь Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг бол үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг.
“Turquoise Hill” болон Монголын Засгийн газрын аль аль нь “Rio Tinto”-гийн тодорхойлсон асуудлуудыг далд уурхайн олборлолтыг эхлүүлэх хугацааг хойшлуулах үндэслэл болно гэж үзэхгүй байгаа гэдгийг тус компани мягмар гаргийн өглөө хийсэн мэдэгдэлдээ тодорхой илэрхийлжээ.
Оюу толгойн далд уурхайн олборлолт эхлэх хугацаа 22 сараар хойшилж, бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвлөгөөг хэдийн танилцуулаад байгаа бөгөөд цаашид зардал, хуваарьт өөрчлөлт оруулах нь бүтээн байгуулалтын зардлаа санхүүжүүлэхэд хүндрэлтэй байгаа “Turquoise Hill”, Монголын Засгийн газарт асуудал болж байна.