"КОВИД-19" ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.

"Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив

Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн хүрээнд 50,7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар төлөвлөж байна. Дээрх хөрөнгийг хүн амын 60 хүртэл хувийг дархлаажуулахад хүрэлцэх вакцин авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, орон даяар түгээх, хянах зэрэгт зарцуулна. Мөн тарилга хийх, гарч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх зорилгоор 8,000 орчим эмч, мэргэжилтэнг сургаж бэлтгэх юм. Хүн амын 60 хувийг дархлаажуулахад хоёр сая орчим хүн/тун вакцин шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Эрүүл мэндийн байгууллагын 12 мянга орчим ажилтан дархлаажуулах ажилд  оролцох төлөвтэй байна.   

Дунд сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттай хамруулна

Энэ хичээлийн жилд нийт сургуулийн 59 хувь нь сурагчдад таван өдөр халуун хоол өгч байгаа бол 20 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээр, үлдсэн нь халуун хоол болон бэлэн бүтээгдэхүүн гэсэн холимог байдлаар үйлчилж байна. "Үдийн цай" хөтөлбөр болон дотуур байрны хүүхдийн хоолыг 1,200 гаруй тогооч, 400 гаруй туслах тогооч бэлтгэдэг бөгөөд 350 тогоочийг мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлжээ. Хоолны газрыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, түрээсийн үйлчилгээгээр "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиудын түрээсийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох зэргийг үе шаттай шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна. Улсын хэмжээнд 840 сургуульд 680 гаруй мянган хүүхэд суралцаж байгаагийн 360 орчим мянга нь 1-5 дугаар ангийнх. Сургуулийн байршил, өмчийн хэлбэр, өрхийн орлого, эрүүл мэнд, иргэншлийн ялгаатай байдал зэргээс үл хамааран бага ангийн бүх сурагч "Үдийн цай" хөтөлбөрт хамрагдаж байна.  

Товч мэдээ

-       "Тавантолгой дулааны цахилгаан станц" төслийн ерөнхий гүйцэтгэгчийг ойрын хугацаанд сонгон шалгаруулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэр гаргуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгав.

-       Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Өмнөх хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Хуулийг хэрэгжүүлэх нэг жилийн хугацаанд цар тахал гарч, хөл хорио тогтоож байсны улмаас улсын хэмжээнд 18 орчим мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих иргэдийн 62 хувь гэсэн үг юм. Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид  хугацааг сунгах хүсэлтийг УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олноор ирүүлжээ. Хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

-       Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажлын явцад Зам, тээврийн гэрээт цагдаагийн хэлтэс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хяналт тавина. Энэ онд Азийн хөгжлийн банкны зээлээр хийж байгаа өргөтгөл, шинэчлэлтийг үргэлжлүүлж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр хоёр эгнээ зам тавьж эхлэх юм.

Сэтгэгдэл бичих