Нөөцийн мах бэлтгэл 20 мянган тоннд хүрэхээр байна

оруулсан Алсын Хараа

Нөөцийн мах бэлтгэхээр ХХААХҮЯ-тай гэрээ хийсэн 16 ААН мах бэлтгэлийг 100 хувь хангаад байна. Тодруулбал, “Баатарууд тэнгэр”, “Мах Импэкс”, “Нүүдэлчин”, “Цалуут Импекс”, “Цэц Манхан” зэрэг 16 компани нөөцийн махыг 100 хувь бэлтгэжээ. Ингэснээр энэ жил нөөцийн мах 20 мянган тоннд хүрэхээр байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 20 хувиар өсөж буй үзүүлэлт аж. Нийслэл хотын хүн амын хэрэгцээнд зориулж өнгөрсөн онд 16 мянган тонн мах бэлтгэж байв.

"COVID-19"-ийн цар тахлыг даван туулах, дотоодын хүнсний хангамжийг тогтвортой барих талаар улсаас онцгой анхаарч ирсний дүнд Монгол Улсын Засгийн газар болон мах бэлтгэлийн компаниуд махны нөөцөө хангалттай хэмжээнд бэлтгээд байгаа нь энэ хавар махны үнэ буурах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. 

Зах зээлийн хамгийн доод үнэ болох 5500 төгрөгөөр хонины махаа худалдаж авах боломжтой болно гэж салбарын яам үзэж байна. Улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх суурилагдсан хүчин чадалтай ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих