Токиогийн зуны олимпын наадмыг зохион байгуулах асуудлыг олон улсад хэрхэн мэдээлж буй талаар Монголын үндэсний олимпын хорооноос танилцуулж байна.
Японы парламентын шинэ чуулган дээр Ерөнхий сайд Ё.Суга, хойшлогдсон олимпын наадмыг заавал зохион байгуулах түүхэн үүрэгтэй гэдгээ дурдаад, цар тахлыг хяналтдаа авч, фронтын тэргүүн шугаманд ард түмнийхээ хамт зүтгэх болно гэдгээ мэдэгдэв.
"Токио-2020 олимп руу урагшилдгаараа л урагшилна" гэж түрүүчийн 7 хоногт мэдэгдсэн Японы захиргаа, шинэтгэлийн сайд Т.Коно, хурц байдлыг даван туулах “Ковид-19” вакцин эрхэлсэн сайдаар томилогдов. Ирэх сарын сүүлчээр Японд вакцинжуулалт эхэлнэ.
Мөн "Токио-2020" олимпын наадмыг зохион байгуулагчид нь баг тамирчдыг тухайн тэмцээнээсээ 5 хоногийн өмнө олимпын тосгонд нэвтрэхийг зөвшөөрч, тэмцээн дууссаны дараа 2 хоногийн дотор тосгоноос нэн даруй гарах хатуу дүрэм баримтлахаа мэдэгдээд байгаа.
ОУОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа ялагдсан, Дэд Ерөнхийлөгч асан Канадын Д.Паунд, Австралийн К.Госпер нар "Токио-2020" наадмыг цуцлагдах магадлал өндөр бөгөөд 206 орны эрх ашиг хөндөгдөх тул НҮБ-ын оролцоо их чухал талаар дуу дуугаа авалцан мэдэгдсэн байна.
Харин сэлүүрт завины төрлөөр олимпын 4 удаагийн аварга, Английн иргэн, ОУОХ-ны гишүүн асан М.Пинсент нь "Токио-2020" олимпыг шууд 2024 он руу шилжүүлж, "Парис-2024"-ийг 2028 онд, Лос-Анжелесын олимпыг бүр 2032 онд цааш нь болгож зохиох" тэс ондоо, этгээд хувилбарыг санал болгов. Харин ОУОХ, "Токио-2020" Зохион байгуулах хорооноос уг наадмыг хойшлуулахгүй гэдэг хамтарсан мэдэгдлээ дэлхий дахинаа тараасан юм.
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлаар энэ асуудлыг нухацтай хэлэлцэнэ. Хамгийн гол нь III сарын сүүлчээр Японы засгийн газраас олимпын талаар ямар шийдвэр гаргахаас бүх зүйл шалтгаалах юм байна.
Ташрамд сонирхуулахад, Японы парламентын сонгууль 2021 оны сүүлчээр болох тул олимп зохион байгуулах одоогийн Засгийн газар руу сөрөг хүчний дайралт ихэссээр буй нь ойлгомжтой. Харин дэлхийн бүх орны тамирчид олимп болдгоороо болно, олимпын медаль авдгаараа авна гэсэн өөдрөг сэтгэлээр бэлтгэлээ хангаж байна.