Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын нэрэмжит шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа цахимаар болж байна. Энэ нь шинэ оны анхны тэмцээн гэдгээрээ мөн онцлогтой.
Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалтай энэ тэмцээн 9 дэх удаагаа болж байна.
Шатар сонирхогчдын энэхүү тэмцээн 2021 оны нэгдүгээр сарын 16-26-ны өдрүүдэд www.lichess.org платформ дээр УИХ-ын Тамгын газар, Монголын Шатрын Холбооноос хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумыг хамруулан бүсчлэн зохион байгуулж буй энэ удаагийн цахим тэмцээнд газар газрын шилдэг шатар сонирхогчид өрсөлдөж байгаа юм.
Уламжлалт тэмцээнийг хорио цээрийн дэглэм тогтоосэн энэ хүнд цаг үед өнжилгүй, шатрын спортын онлайнаар тоглодог давуу талыг ашиглан цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Тус тэмцээн эрэгтэйчүүдийнх хагас шигшээ, шигшээ гэсэн 2 үе шаттай болж байгаа бол эмэгтэйчүүдийн тэмцээн нь нээлттэй горимоор болж байна.