ХНХЯ, Азийн хөгжлийн банк хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлд хамтарна

оруулсан Алсын Хараа

Азийн хөгжлийн банк Монгол Улстай 2021-2024 онд хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрийн чиглэлийг зөвшилцөхөөр энэ сарын 18-29-нд салбарын яам, агентлагийн төлөөлөлтэй цахимаар уулзаж байна.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран болон холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цахимаар уулзав.

Уулзалтаар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар талууд мэдээлэл солилцсон юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газраас хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл болон яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хууль эрхзүйн шинэчлэлийг онцлон танилцуулав.

Уулзалтын төгсгөлд талууд иргэдэд халамж хүртээхээс илүүтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн оновчтой, үр ашигтай бодлогыг хэрэгжүүлэх, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн төв байгуулах, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг мэргэжлийн боловсролын салбартай уялдуулан хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарахаар болов.

Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн түнш байж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн билээ.

Сэтгэгдэл бичих