Энэтхэг “COVID-19”-ийн вакциныг хөрш орнууд руугаа үнэгүй экспортолно

оруулсан Алсын Хараа

/The Print/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар “COVID-19”-ийн вакциныг хөрш орнууд руугаа “сайн санааны үүднээс” үнэгүй экспортлох шийдвэрийг даваа гарагт гаргажээ.

Энэтхэг энэ сарын 3-нд “Covishield”, “Covaxin” вакциныг бүртгэсэн юм. Оксфордын их сургууль, “AstraZeneca” компанийн хамтран гарган авсан “Covishield” вакциныг Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэж байгаа бол “Covaxin” вакциныг Энэтхэгийн “Bharat Biotech” компани, Анагаах ухааны судалгааны зөвлөл хамтран гарган авч, “Bharat Biotech” үйлдвэрлэж байгаа юм.

Даваа гарагт Энэтхэгийн Гадаад хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Химийн бүтээгдэхүүн, бордооны яамны төлөөлөгчид “Bharat Biotech”, “Serum” хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзаж, экспортын төлөвлөгөөний талаар хэлэлцжээ.

“Засгийн газар “хойшлуулшгүй шаардлагуудыг хангасан” орнуудад туслах зорилгоор эхний хэсгийг илгээхээр шийдвэрлэсэн” гэж эх сурвалжууд “The Print” цахим сонинд мэдээлсэн байна.

“Сайн санааны үүднээс Засгийн газар “Covaxin” вакциныг Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Малдив, Маврики улс руу илгээхээр төлөвлөж байна” гэж уулзалтад оролцсон өндөр албан тушаалтан мэдээлжээ.

Мөн “Covishield” вакциныг Бутан, Афганистан, Балба, Бангладеш, Сейшелийн арлууд руу илгээнэ гэж тэрбээр нэмж хэлжээ. Уулзалтын үеэр вакциныг экспортолсны дараах дотоодын вакцины хүртээмжийн талаар мөн хэлэлцсэн байна.

“COVID-19”-ийн вакцинуудыг Пакистанаас бусад бүх хөрш орон руу ойрын хугацаанд илгээнэ гэж эх сурвалж мэдээлсэн боловч тодорхой цаг хугацааны талаар дурдаагүй байна. Пакистан Энэтхэгийн Засгийн газарт вакцин авах хүсэлт гаргаагүй тул вакцин олгохгүй гэж тэрбээр мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих