Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдав

оруулсан Алсын Хараа

Завхан аймгийн Тэлмэн сумын Баян айраг баг “Сэтэрхий эрэг” гэх газар, сумын төвөөс зүүн хойд зүгт 26 километрт, асфальтан замд зам тээврийн осол гарсан тухай аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

-“Осол 2021.01.15-ны өдөр 17.50 цагийн орчимд гарсан байна. Асфальтан замд Prius маркийн автомашин, Crown маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 40 настай эмэгтэй Ө, 6 настай эрэгтэй С нарын амь хохирсон. Мөн долоон хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна. Тиймээс иргэд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх, зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулах, гүйцэж түрүүлэх үйлдлийг аль болох хийхгүй байж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна” гэв. Ташрамд он гарсаар тус аймагт зам тээврийн осол аваар 7 удаа гарчээ.

Иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэссэн

-“Завхан аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгаж, зарим арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан.

Тус захирамжтай холбогдуулан цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх. Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуу” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ нэгдсэн арга хэмжээ нь аймагт архи согтууруулах ундаагаар үйлчлэх шийдвэр гарсан өдрөөс хойш буюу нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш хоёрдугаар сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд болно. Өөрөөр хэлбэл ирэх сарын нэгний өдөр хүртэлх хугацаанд архи согтууруулах ундааг зарж борлуулахыг цар тахалтай холбоотойгоор аймгийн Онцгой комиссоос зөвшөөрсөн байгаа. Харин зоогийн газрууд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байгаа. Гэтэл нэгдсэн арга хэмжээ эхлээд удаагүй байхад л согтуугаар автомашин жолоодсон зөрчлүүд гарч эхэлсэн нь харамсалтай юм. Тухайлбал Улиастай сумын Жинст багийн нутагт байх гэрлэн дохиотой уулзварт “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэрлэн дохионы удирдлагын системийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол, хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тиймээс иргэд маань согтууруулах ундааг тохируулж хэрэглэх. Энэ төрлийн ундааг хэрэглэсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байх нь чухал юм. Халтиргаа гултгаатай нөхцөлд, хот дотор болон хөдөөгийн замд, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг дахин анхааруулж байна” гэж аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээлэв.

Ташрамд “Согтуу” нэгдсэн арга хэмжээ өрнүүлж буй энэ үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо ихэссэн байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 19 зөрчлийг илрүүлээд байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 жолоочийн автомашин жолоодох эрхийг нь хассан байна. Мөн гурван жолооч автомашин жолоодох эрхээ хасуулсан мөртлөө автомашин жолоодсон давтан зөрчлийг гаргажээ.

Сэтгэгдэл бичих