ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр хийсэн PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирусний халдвар илэрлээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 17 646 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудтай ойр харилцсан, ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс юм. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 709, дотоодын халдвар нийт 1035 болж байна.
Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусний халдварын тоо сүүлийн долоо хоногт буурах хандлагатай байна. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 35 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1536 болжээ.
Цэргийн төв эмнэлэгт ээжтэйгээ хамт тусгаарлагдсан нярайд халдвар илэрсэн гэсэн мэдээлэл гарчээ. Энэ талаарх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өгсөн юм.
Тэрбээр, “Эх халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан хүүхэдтэйгээ хамт хэвтэж байгаа. Нярайд халдвар илэрсэн шинжилгээний хариу гараагүй. Ээж нь халдварласан тохиолдолд хөхүүл хүүхдийг хамт тусгаарлахаас өөр аргагүй байдаг. Тусгаарлагдах үед нь халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч байгаа. Ер нь бол, хөхүүл хүүхдээ авч тусгаарлагдсан хэд хэдэн тохиолдол бий ” гэлээ.
Мөн энэ үеэр ЭМЯ-ны Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Энэ талаар Англид судалгаа хийсэн байдаг. Дэлхий дахинд коронавирусний халдвартай эх хүүхдээ хөхүүлж байх зөвлөмжийг өгч байгаа. Яагаад гэвэл, хөхний сүү бол маш их шим тэжээлтэй, дархлаа буюу эсрэг бие үүсгэдэг. Саяхан Норвегид халдвартай ээжээс эсрэг бие үүссэн, дархлаатай хүүхэд төрлөө гэсэн сайхан мэдээ гарсан байсан" хэмээн тодотгосон юм.
Үүнээс 995 хүн эдгэрээд байгаа бол 530 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрчээ. Тусгаарлах байранд тусгаарлагдсан ойрын хавьтлаас төлбөр авахгүй. Зардлыг улсаас гаргаж байгаа аж.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлуудыг тусгаарлаж байгаа. Халдварыг цааш алдахгүйн тулд ойрын хавьтал болсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана. Ажиглан тусгаарлах байранд 7 хоног тусгаарлаад 2 удаагийн давтан шинжилгээ сөрөг гарвал гэрт нь 7 хоног тусгаарлах шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Ажиглан тусгаарлах байранд халдварт өвчний халдвар судлалын заалтаар тусгаарлаж халдвар авсан эсэхийг хянаж байгаа учир төлбөр авахгүй” гэв.