УНТЭ ХӨСҮТ-ТЭЙ ИЖИЛ ТҮВШНИЙ PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИТАЙ БОЛЛОО

оруулсан Алсын Хараа

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад  талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,

“Дэлхий нийтээрээ “КОВИД19”-ийнн халдварт цар тахалтай нүүр тулж, дор бүрнээ хичээн тэмцэж байгаа энэ үед Монгол Улс орон нутгаа халдваргүй бүс болгож, нийслэл дэхь халдварын тархалтыг тодорхой хэмжээнд хумиж ажиллаж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийн үр дүн. Халдварын тархалтыг илрүүлэн шинжлэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай энэ үед шинээр өндөр хүчин чадалтай лаборатори нээж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил. Үүнд Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Удахгүй БНЭУ-аас “КОВИД19”-ийн эсрэг дархлаажуулалтын вакцин авах болсон. Нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон ахмад настнууд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэн зэрэг эрсдэлтэй бүлгийн иргэдээ хамруулахаар төлөвлөж байна” гэлээ.

УНТЭ-т лаборатори нээснээр Улаанбаатар хотод ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гээд нийт дөрвөн газарт PCR шинжилгээг зэрэг хийх боломжтой болж байна. Энэ нь Улаанбаатар хотын PCR шинжилгээний хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм. Лаборатори хоногт 6000-8000 шинжилгээ хийж 24 цагаар ажиллана. Нийт 1,91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын Seegene үйлдвэрийн  Bio-Rad CFX96 маркийн PCR, БНХАУ-ын Sansure Biotech Natch CS маркийн нуклейн хүчил ялгагч зэрэг дэлхий дахинаа хамгийн сүүлийн үед хэрэглэгдэж буй, хүчин чадал өндөртэй нарийвчлалтай шинжилгээнүүдийг хийдэг аппарат,  хэрэгслээр лабораторийг тоноглосон байна.

Ажиллах боловсон хүчнийг сургалтад хамруулж бэлтгэн, орон нутгийн долоон аймгаас 14 эмч, лабораторийн ажилтныг татан байршуулж ажиллуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих