Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо.
Уг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон боловч Ховд аймагт оршин суудаг нэр бүхий 10 шүүгдэгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт мөн аймгийн Онцгой байдлын комисс нь “Халдвартай бүс нутаг руу явуулах боломжгүй” гэсэн албан бичиг ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг дараа сарын 22-ны 8.30 цаг хүртэл хойшлуулахаар шийджээ.
Хэргийг сануулбал, Нийслэлийн прокурорын газар нь Р.Баатархүү нарын 30 шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /хахууль авах/, 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, 20.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг /зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө завших, үрэгдүүлэх, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль авах/-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх байгууллагад шилжүүлсэн байсан юм.