“Samsung”-ийн тэргүүн 2.5 жил хоригдох ял авчээ

оруулсан Алсын Хараа

/Yonhap/. “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч, “Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Ён авлигын хэргээр хоёр жил зургаан сар хоригдох ял авчээ.

БНСУ-ын нийслэл Сөүлийн хотын Дээд шүүхээс Ли Жэ Ёнд “Samsung” группийн удирдах эрх мэдлийг авахын тулд эрх баригчдад хахууль өгсөн хэргээр ял оноосон байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа "Samsung"-ийн өв залгамжлагчийг цагдан хорьжээ. “Samsung” группийн тэргүүн асан Ли Кун Хи 2020 оны 10 дугаар сарын 25-нд Сөүлийн "Samsung" эмнэлэгт таалал төгссөн билээ. 2014 онд Ли Кун Хиг зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтсэнийх нь дараа корпорацыг хянах эрх үндсэндээ түүний хүү, тус группын охин компани болох “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч, одоо 52 настай Ли Жэ Ёнд шилжсэн юм.

2014 онд Өмнөд Солонгосын Прокурорын газар Ли Жэ Ёныг олон арван охин компани бүхий "Samsung" группт хяналтаа тогтоох зорилгоор хувьцааны луйвар хийсэн, компаниудыг хууль бусаар нэгтгэсэн хэрэгт буруутгажээ. “Samsung”-ийн хэд хэдэн охин компанийг нэгтгэхэд төрөөс дэмжлэг үзүүлснийх нь оронд тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силд 8.9 тэрбум воны /8 орчим сая ам.доллар/ авлига өгсөн байна.

“Шүүгдэгч Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн нөлөөнд автаж, эцгээсээ эрх мэдлийг авахын тулд авлига өгснөөрөө Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ашиглах ёс суртахуунгүй хүслээ шууд бусаар илэрхийлсэн” гэж шүүгч мэдэгджээ.

Пак Гын Хэ нэр нөлөөгөө ашиглан бизнест нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд улсынхаа томоохон компаниудаас, тухайлбал “Samsung” болон “Lotte”-гоос авлига авсан хэргээр 2017 онд ерөнхийлөгчийн суудлаас огцорсон юм.  Түүнд болон Чой Сүн Силд олон арван жилээр хорих ял оноосон билээ.

Сэтгэгдэл бичих