Баруун бүсийн зарим аймагт шатахууны үнэ литр тутамд 50 төгрөгөөр нэмэгдээд байна. Нийслэлд "Тэс петролиум" ХХК шатахууны хөнгөлөлтийн картын үнээ мөн 50 төгрөгөөр нэмжээ. Энэ талаар АМГТГ-аас өнөөдөр мэдээлэл хийв.
Манай улсын гол нийлүүлэгч ОХУ шатахууны энэ сарын хилийн үнээ тонн тутамд 59 ам.доллароос нэмэгдүүлжээ. Ингэснээр шатахууны үнэ нэмэгдэх эсэх талаар АМГТГ-ын газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулав.
-Улсын хэмжээнд шатахууны үнийг өнгөрсөн оны 5 дугаар сараас тогтвортой барьж ирсэн. Үүнд юу голлон нөлөөлж байв?
-Засгийн газрын тогтоол чиглэлийн дагуу үнэ тогтворжуулах ажлыг хийж ирсэн нь голлон нөлөөлсөн. Олон улсын бирж дээрх биржийн компаниудтай гэрээ хийж нийлүүлээд, мөн импортоор оруулж ирж буй ААН-үүдтэй давхар гэрээ хийлгэж ирсэн. Энгийнээр хэлбэл, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүн хямд байх үед нь тухайн компаниудаар бизнесийн зарчмаар гэрээг нь хийлгээд төрөөс зохицуулж өгсөн.
Тодруулбал, бирж дээр нефтийн үнэ 30 ам.долларын үнэтэй байхад нь худалдаж аваад эргээд 40 ам.доллар болж нэмэгдэж ирэхэд нь зөрүү 10 ам.долларыг импортын ААН-үүдэд шууд олгож ирсэн. Ингэснээр ААН ч алдагдал хүлээхгүй, иргэдэд очих үнийг ч өсгөлгүй зохицуулж ирсэн.
-"COVID-19"-ийн нөхцөлд үнэ өсгөхгүй, нэмэхгүй байх бодлого барина гэж байна. Ямар арга хэмжээ авах вэ?
-Эдийн засаг хямарсан энэ үед иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлэхгүй байхад анхаарч, А-92 шатахууныг өсгөхгүй байх арга хэмжээг авна.Одоогийн үнэ буюу 1450 төгрөгт барьж ажиллана гэсэн үг. Бусад шатахууны үнэ гадаад зах зээлийн үнээр өсөлт нэмэгдэнэ. Үнэндээ шууд хэлэхэд импортлогч ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд үнийг барьж байна. Ачааллыг тэдэнд үүрүүлж байна гэсэн үг. Яагаад гэвэл, ойрын хэсэг хугацаанд газрын тосны үнэ айхтар дээшээ тэсэрч өсөхгүй, доошоо унахгүй байгаа учраас энэ хугацаанд одоогийн байгаа үнийг тогтвортой бариач ээ гэж байгаа. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк "Голдман Сакс" энэ онд "Брент" төрлийн түүхий газрын тосны үнэ нэг баррел нь 65 ам.доллар байна гэж таамаглаж байгаа.
-Цаашид халдварын нөхцөл байдал гайгүй болоод үнэ өсвөл яах бол?
-Дэлхийн зах зээлийнхээ зарчмаар л явна. Гадаад зах зээл дээр ямар байна, түүгээр л зохицуулна.