Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Улсын онцгой комисст энэ жилийн Сар шинийн бөхийн барилдааныг Бөхийн өргөөнд үзэгчгүй зохион байгуулах хүсэлтээ хүргүүлжээ.
Барилдаан зохион байгуулах эсэх нь “Ковид-19” цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, тархалтын цар хүрээнээс ихээхэн шалтгаалах юм байна.
МҮБХ-ны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав: “Бөхчүүдээс уламжлалт Сар шинийн барилдаанаа өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулаагүй, харин энэ жил зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Хэрвээ УОК зөвшөөрвөл 128 бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгуулна” гэлээ.