Коронавирусний үед иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах тогтоолын төсөл боловсруулж, өргөн барих болсноо УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Сүүлийн 20-30 жилд Засгийн газрууд нийгмийн халамжийн чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн. Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон энэ оны долоодугаар сарын 1 хүртэл цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцах болсон нь зөв шийдвэр гэдгийг Т.Доржханд гишүүн мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Одоо бол иргэн, аж ахуйн нэжүүдэд эргэлтийн хөрөнгө дутагдаж байна. Хамгийн багадаа 200 мянган ажлын байрыг хамгаалах боломж бидэнд байна. Монголбанканд 7.6 их наяд төгрөг бий. Гэхдээ банкууд мөнгө гаргахгүй, гаргавал дампуурах магадлалтай гэж болгоомжилж байгаа. Ийм үед Засгийн газар идэвхтэй ажиллах ёстой. Төв банкны бодлогын хүү 5 хувьтай байна. Энэ хувиар Засгийн газрын үнэт цаас гаргах боломжтой. Ингэснээр зээлийн хүүг хүчээр тогтоох бус банканд байгаа санхүүгийн эх үүсвэрийг бизнес рүү шахах юм. Төвбанканд байгаа эх үүсвэрийг татаж аваад 3 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, эхний нэг жилд зөвхөн хүүгийн төлбөрөө төлдөг хэлбэрээр бонд болгон гаргаснаар 200 мянган ажлын байрыг хадгалах боломжтой юм. Энэ талаар судалгаа боловсруулж Засгийн газарт зөвлөмж болгон хүргүүлсний дээр УИХ-ын тогтоолын төсөл болгон боловсруулж, өргөн барьж байна” гэлээ.
Мөн 200-гаас дээш ажилтантай, дундаас дээш бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хамгаалах үүднээс зээлийн эрсдэлийн барьцаа хөрөнгөний 50 хувийг төр дааснаар 400 мянган ажлын байр хамгаалах боломж мөн байгааг УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ.