Ж.Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Их Британид анхны айлчлалаа хийж магадгүй байна

оруулсан Алсын Хараа

/The Daily Telegraph/. Жозеф Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Их Британид анхны айлчлалаа хийж магадгүй байна.

Коронавирусний цар тахал дэгдсээр байгаагаас гадна АНУ-ын дотоод бодлогын асуудлуудад төвлөрөх шаардлагатай байгаагийн улмаас Жозеф Байден ойрын хугацаандаа гадны улсад айлчлах бодолгүй байна. Харин ирэх 6 дугаар сард болох Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор тэрбээр Их Британийн Карбис-Бэй хотод ерөнхийлөгчийн хувиар анхны айлчлалаа хийж магадгүй байна. Түүнчлэн НҮБ-ын Глазго дахь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хуралд оролцохоор намар Их Британид дахин айлчлах аж.

Тийнхүү Их Британид анхны айлчлалаа хийх нь тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны хувьд томоохон амжилт болох юм. Учир нь Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарснаар АНУ, Их Британийн харилцаа холбоо суларна гэж шинжээчид үзжээ.

Ирланд гаралтай Ж.Байден “Brexit”-н санааг эсэргүүцдэг гэдгээ нэг бус удаа мэдэгдэж байжээ. Түүнчлэн Их Британийн эрх баригчдын үйлдэл нь 1998 онд байгуулагдсан Белфастын хэлэлцээрт сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлж байсан аж.

Сэтгэгдэл бичих