ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтдээ 9115 хүнд PCR шинжилгээг хийхэд 9 хүнд коронавирусний халдвар илэрчээ.
Шинээр илэрсэн тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс нийт 4 хүнээс халдвар илэрлээ. БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьц эерэг гарсан. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ” гэв.
Мөн тэрбээр, өнгөрсөн бямба гарагийн шөнө Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд хүн ирж, үйлчлүүлсэн. Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд коронавирусний халдвар батлагдсан тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, "Сонгдо" нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандсан. Иймд эмч ажилчдыг тусгаарлаж шинжилгээ авсан. “Сонгдо” эмнэлгийн 30 эмч ажилтныг тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн 4, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 17 хүнийг тус тус тусгаарласан. Эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Сүүлийн үед батлагдсан тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн хойно эмнэлэгт ханддаг, олон эмнэлэг дамжсан тохиолдол гарч байна" гэв. Иймд өвчнийг хүндрүүлэхгүй харьяа дүүргийн эмнэлэгт мэдэгдэж, утсаар тусламж авахыг зөвлөлөө.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1526 болсон байна. Үүнээс 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт коронавирусээр халдварласан 20 хүн эдгэрч гэртээ гарчээ.
Коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн 20-30 хувь нь 1-6 сарын дараа дахин халдвар авсан тохиолдол БНСУ, Сингапур Япон, АНУ-д зэрэг улсад гарсан. Манай орны хувьд одоогоор, ийм тохиолдол бүртгэгдээгүйг ЭМЯ-ны ахлах шинжээч П.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Тэрбээр, "Дэлхий дахинд халдварт өртсөн нийт хүний 40-60 хувьд дархлаа үүсэж байгаа бол заримд нь дархлаа үүсэхгүй тохиолдол гарч байна. Коронавирусээр өвчлөөд эмчлүүлснийхээ дараа 2-3 хоногт, заримд нь сарын дараа дархлаа үүсэж байгаа нь өвчтөний генийн онцлог, биеийн эсэргүүцэл, насны байдал, өвчлөлийн хүнд хөнгөн зэргээс шалтгаалж байна. Бид эдгэрсэн хүн дахин халдвар авахгүй гэх баталгааг хэлж чадахгүй ч, эмнэлгээс гарсан иргэндээ 14 хоногийн дараа PCR шинжилгээ хийж байгаа. Мөн өвчтөний ар гэрт идэвхтэй тандалт судалгаа явуулж байна" гэж хэлэв.