БШУЯ-ны дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн санаачилга, Соёлын яамны санхүүжилтээр “Академич Чулууны Далайн бүтээлийн эмхэтгэл” 9 боть бүтээл хэвлэгдэн гарлаа.
2020 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Чулууны Далайн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдмийн Зөвлөлийн шийдвэрээр академичийн эрдэм судлалын 9 ботийг “Монгол судлалын шилдэг өв” цувралд анх удаа цогцоор нь эмхэтгэн нийтлүүлсэн юм.
Академичийн эрдмийн бүтээлүүдийг сүүлийн 10 гаруй жил шинэчлэгдэн хэвлээгүй, өдгөө олдоц ховордсон тул ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдмийн хамт олноос ахмад үеийн нэрт эрдэмтдийн бүтээлийн цуврал гаргах, олны хүртээл болгохыг зорин Хүрээлэнгийн захирлын тушаалаар редакцийн зөвлөл, ажлын баг байгуулжээ. Эмхэтгэлийн редакцийн зөвлөлд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, доктор, профессор Л.Хайсандай тэргүүтэй судлаач, шавь нараас нь бүрдсэн 11 эрдэмтэн оролцсон юм.
Академич нь Монголын түүхийн судалгааны хэд хэдэн чиглэлээр илүүтэй анхааран судалж, өөрийн үзэл номлол, байр суурийг дэвшүүлэн гаргаж, Хамаг Монгол, Их Монгол, Монголын Эзэнт гүрэн, Чингис хааны төрийн бодлого, үйлс замнал, Монголын угсаатан үүсэж бүрэлдсэн түүх ба төрт ёсны уламжлал, шашин, соёл, Монгол, Төв Азийн соёл иргэншил, үндэсний сэргэн мандлын тухай, Монгол-Хятад, Монгол-Япон, Монгол-Солонгосын түүхэн харилцааг хамарсан өргөн хүрээтэй судалгаа хийсэн байдаг.
Энэхүү 9 боть бүтээл нь судалгааны чиглэл, дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд Монгол Улсад түүх, орон судлал, соёл, сэтгэлгээний нээлтүүд болохуйц анхдагч шан татсан бүтээлүүд байсныг ШУА-ийн ОУХХ-гийн захирал, доктор Д.Золбоо тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, академичийн бүтээлүүд нь тухайн цаг үеийнхээ үзэл суртлын халхавчнаас даван гарч, үнэнийг эрэлхийлэх шинжлэх ухаанч хандлага, эх оронч үзэл шингэсэн байдгаараа хэлмэгдэл хавчлагын хүнд бэрхэд дайрагдаж байсан ч он цагийн уртад үнэ цэн нь алдрахгүй, олны анхаарал сонирхлоос ангижраагүй байна.
Түүний Монголын түүх, орон судлал, гадаад харилцааны талаар дэвшүүлсэн санал, зөвлөмж, эрдэм шинжилгээний үнэлэлт дүгнэлт нь өнөө хэр ач холбогдлоо алдаагүй бөгөөд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдаас өндөр үнэлгээ авч, Монгол Улсын түүх, нийгмийн шинжлэх ухаанд бодитой хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.
Бүтээлийн эмхэтгэл нь Монгол Улсын орон судлал, гадаад харилцааны судалгааг дагнан хэрэгжүүлж буй эрдмийн хамт олны дундах ахмад болон залуу үеийн амьд холбоог бататгах, академич Чулууны Далайн амьдрал үйлс, эрдэм судлалын өв, залгамж холбоо, Монгол Улсын шинжлэх ухаанд оруулсан бодит хувь нэмрийг цогц байдлаар сурталчлах өргөн боломжийг нээх зорилготой юм.