Улаанбаатар хотын Эмээлт орчимд өнөөдөр 13:00 цагийн үед чичирхийлэл мэдрэгджээ. Энэ тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан М.Долгормаагаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ, "Эмээлт орчимд өнөөдөр 13:00 цагт 1.4 магнитудын газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Харин 3.5 магнитаас дээш бол хүн болон амьтан мэдрэгддэг. Энэ удаа хот суурин газарт гадаргатай ойрхон тэсэлгээ хийсэн учир хүмүүст мэдрэгдсэн. Тэгэхээр газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээ гэсэн үг" гэсэн хариулт өглөө.
Уг тэсэлгээг Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэх ажлын хүрээнд МХЕГ-аас олгосон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас”-ын дагуу, “Ард капитал” ХХК-ийн захиалгаар тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Их оч” ХХК Сонгино хайрхан дүүргийн 32-р хороонд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор замын трастын дагуу хийжээ. Энэхүү тэсэлгээг хийхэд хууль, дүрэм журам зөрчөөгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга, цагдаа зэрэг холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн байна.
Ташрамд мэдээлэхэд, 2021 оны 1 дүгээр сарын 12-ны 05 цаг 32 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлт болсноос хойш түүний давталтууд олон тоогоор бүртгэгдэж байгаа аж. Түүнчлэн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн "Монгол орны хүчтэй газар хөдлөлт" пэйж хуудсаар асуумж бөглөхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.